Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалын музей

Сүхбаатар дүүрэгт байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг Та бүхэн андахгүй мэдэх бизээ. Хэлмэгдэгсдийн  музейд 1931 онд анх Ерөнхий сайд П.Гэндэн амьдарч байжээ.  Харин 1992 оноос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Ерөнхий сайд агсан П.Гэндэнгийн охин Г.Цэрэндулам эцгийнхээ ажиллаж, амьдарч байсан байшинд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, тэдний үйл амьдралыг мөнхжүүлэх зорилгоор хэлмэгдэгсдийн музей байгуулах санал, санаачлагыг гарган Засгийн газар, Соёлын яам, Улсын цагаатгалын комисст хүсэлт болгож улмаар хамтран ажилласан.
Хэлмэгдэгсдийн музейн байшинг засварлах, музей байгуулах хэлбэрт оруулах, тэнд тавигдах үзмэрүүдийн жагсаалт гаргах, үзмэрүүдийг цуглуулах, зуруулах, бичүүлэх, биет байдлаар хийлгэх зэрэг олон ажлуудыг Улсын комиссын хүчин туслалцаатайгаар 1996 оны 9 дүгээр сарын 10-нд түүний охин Г. Цэрэндуламын санаачилгаар музей болгож, үзмэрийг 7 танхимд дэлгэн үзүүлж эхэлсэн байна.  Музейн 1 дүгээр давхарт хэлмэгсдэд зориулсан хүндэтгэлийн танхим байх бөгөөд нийт хэлмэгдсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг аймаг аймгаар нь байрлуулжээ. Хойморт нь хэлмэгдэгсдэд зориулан зул асааж, хоёр талд нь төрийн туг, баруун талд нь “Хэлмэгдлийн нэг өдөр” хэмээх  зураач Я.Үржнээгийн зурсан зургийг харж болно.  Мөн Ерөнхий сайд П.Гэндэнгийн ажлын өрөөг тэр хэвээр нь үлдээж үзмэр болгосон аж. Тус музейн байшинг 1930 онд Германы инженер Герингийн зураг төслөөр тоосгон заводын герман, швейцарь, унгар ажилчид барьсан байна. Хэлмэгдэгсдийн музей нь одоо Үндэсний түүхийн музейн харьяанд ажилладаг, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид, жуулчид, хэлмэгдэгсэд, жирийн иргэдийн үзэж сонирхох дуртай газруудын нэгэн болж чаджээ. Г.Цэрэндулам гуайн санаачлан байгуулсан энэ музейг өнөөдөр түүний хүү С.Бэхбат залгамжлан, өндөр идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллуулж байна.