“МОНГОЛ БОЛОН ХБНГУ ДАХЬ УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ЦАГААТГАЛ: ДҮГНЭЛТ, СУРГАМЖ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, ХБНГУ-ын Конрад Аденауэр сан хамтран 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.
КАС-ийн суурин төлөөлөгч, доктор Даниел Шмюкинг хурлыг нээж, УИХ-ын дэд дарга, ЦАУЗБУК-ын дарга Л.Цог, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Герхард Тийдеманн нар хоёр улс дахь цагаатгалын ажлын талаар товч мэдээлэл хийв.
Берлин-Хүэшөнхаузений хэлмэгдэгсдийг хүндэтгэх, дурсгалын газрын захирал, доктор Хубертус Кнабе “Зүүн Герман улсын хууль бус үйлдлүүд дэх дүн шинжилгээ өнөөгийн ХБНГУ-д”, Монгол Улсын төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт, цагаатгалын талаарх дүн шинжилгээ”, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах талаар төрөөс авч буй арга хэмжээ”, Берлин-Хүэшөнхаузений хэлмэгдэгсдийг хүндэтгэх, дурсгалын газрын захирал, доктор Хубертус Кнабе “Хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах ажлын зохион байгуулалтыг Берлин Хүэншөнхаузений жишээгээр авч үзэх нь”, Монгол Улсын төрийн соёрхолт, доктор, шинжлэх ухааны академийн ОУСХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Батсайхан “Монголд гарсан улс төрийн хэлмэгдэл: дүгнэлт, сургамж” сэдэвт илтгэлийг тус тус тавьлаа.
Хуралд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд, Монгол болон гадаадын оюутнууд, иргэд нийт 150 орчим хүн оролцон илтгэл тус бүрийн дараа хэлэлцүүлэг хийв.
Тус эрдэм шинжилгээний бага хуралд хоёр улсын холбогдох байгууллагууд, эрдэмтэн судлаачид улс төрийн хэлмэгдүүлэлтийн асуудлаар мэдээлэл, туршлага, санал солилцох, дүгнэлт хийх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой боллоо.
КАС-ийн суурин төлөөлөгч доктор Даниел Шмюкинг эрдэм шинжилгээний бага хурлын талаар дүгнэлт хийн хурлыг хааж үг хэлэв.

КОНРАД АДЕНАУЭР САН

IMG_1194 IMG_1196 IMG_1202 IMG_1217 IMG_1220 IMG_1235 IMG_1326 IMG_1373