“Улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд Тэргүүн байр эзэлсэн Монгол улсын их сургуулийн оюутан С.Дүүриймаа“ХЭЛМЭГДСЭН ЗУУН”

Түүх бол нүүдэл юм. Эргэлт үгүй, огтлолгүй шув шулуун замаар өнгөрсөний үнэт ачааг тээж одоо цагийг хэмжин ирээдүй рүү хөдөлсөн мөнхийн нүүдэл юм. Түүхийн өнгөрсөнөөс бид сургамж авч үлддэг бол өнөөдөр түүнийгээ ухаан болгон хувиргаж, маргааш хөгжил дэвшил болгон бүтээнэ. Гэвч заримдаа огт боломжгүйг нь мэдсээр байж өнгөрснийг өөрчилмөөр санагддаг. Түүхийн сургамж бүр гашуун зовлон зүдгүүр,бэрхшээл саад, цус хагацал өнчрөл дагуулсан хамгийн тунгалаг нулимсыг дуслуулж эдүгээд хүрч ирэхдээ сэтгэл эмзэглэм харамсал бүхнээ урдаа биш ардаа нууж үр хойч бидэнд гэрэлт ирээдүйг амтлуулахаар халуун сэтгэлээ өргөсөн өвөг дээдсийн минь цадигийг ботилж байдаг болохоор тэр байх.

Түүхийн цаг хугацааг хамгийн гашуун зовлонт үйл явдлуудаар элээж хүн бүрийн зүрх сэтгэлд айдсын гал бадраасан нэгэн үе бол яах аргагүй хэлмэгдүүлэлт. Өдгөө ч хар дарсан зүүд шиг дурсагдаж хийгээгүй хэрэг, бодоогүй бодлынхоо төлөө шийтгэгдсэн хүмүүсийн ариун сүнс нь үл тайвшран, үр хойчсийнх нь бүлээн нулимс хатаагүй байна. Манжийн дарлалд 200 гаруй жил зовж зүдэрсэн ард түмэн 1911 оны үндэсний эрх чөлөөөний хувьсгалаар Богдыг хаан ширээнд залж Монгол улсын тусгаар тогтнолыг хөх Азийн цээжин дээр зарлав. Ард нийтээрээ амь биеэ үл хайхран бүрэн эрхт улсынхаа төлөө тэмцсэний үр дүнд ЗХУ-ын тусламжийг аван 1921 онд БНМАУ-ыг байгууллаа. Эрх жаргалын цог нь гэрэлтсэн түмэн олны цэнгэл хөөр, догдлол гэвч удаан үргэлжилсэнгүй. Ахан дүүсийн найрсаг харилцаатай байсан     ЗХУ-ын далд санаа илрэн гарч хувьсгалын дараахан Монгол руу орж ирсэн Буриад зон олонг ихээхэн хашраах төлөвлөгөө боловсруулж эхэлсэн бөгөөд 1934 онд    МАХН-ын нарийн бичгийн дарга байсан Ж.Лхүмбийг хилс хэргээр шийтгэсэн бөгөөд энэ хэрэгт хамааруулан олон хүнийг яллан шийтгэснээс ихэнх нь Буриадууд байжээ. Их хэлмэгдүүлэлт нь гурван үе шаттайгаар үргэлжилж 100000 гаруй хүний алтан амийг хийсгэж оджээ. Энэхүү хүмүүсийн ихэнх хувийг лам нар, сэхээтнүүд эзэлж байгаа нь үнэхээр харамсалтай. Тэр үеийн Монголын түүхийг бүтээж хөгжил дэвшил бодлого чиглэлийг нь тодорхойлж байсан олон олон хүмүүс хэлмэгдэж бэлэвсэрч үлдэгсэдийнх нь сэтгэл үүрдийн харууслаар буцалж байлаа. Сталины “Танай дайсан бол лам нар юм” хэмээх ятгалгын нөлөөгөөр шашин шүтлэгийг хорьж их түүхээ хяхаж хавчин, оюуны эрдэнэт бүтээлүүдийг устган өндөр боловсрол авьяас билигтэй оюунлаг хүмүүсийг ч бас хэлмэгдүүлсэн . Хамгийн эмгэнэлтэй нь тэр үед Монгол хүн Монгол хүнээ алж байлаа. Богдын сүүлчийн хатан Гэнэнпилийг жирэмсэн байхад нь буудан хороожээ. Монголчууд хөл хүнд бүсгүйг буудан хороох нь бүү хэл хатан мэт хүндэлж,хаан мэт хайрладаг. Хөөрхий бүсгүй бурангуй цаг үеийн аймшигт золиос болж хэвлийдээ тээсэн үрээ бодон бүлээн нулимсаа энгэрээ нэвчтэл хичнээн ч удаа асгаруулаа бол гэхээр сэтгэл эмтэрнэ.

Алтан биеийг нь шударга бусаар бүрэлгэж оюун санаа өв ухааныг нь хийсгэж орхичхоод ариун нэрийг нь гутааж үр хойчис ойр тойрныхныг нь хүртэл хэлмэгдүүлэлтийн золиос болгож байлаа. Сургуульд ч сурах боломжгүй, ажил хийх бол бүр хаалттай хаа ч явсан урвагчийн үр хүүхэд хань ижил хэмээн гоочлуулж нийгэмд адлагдсан тэд ч бас хэлмэгдсэд. Хүн гэдэг өөрийн гэсэн оноолт хувь тавиланг эдэлдэг атал   Х.Чойбалсан, Сталин гэх мэт хэдхээн хүний бодол, шийдвэрээс болоод эрх чөлөөгүйдлийн төмөр торонд сэтгэлээрээ хоригдсон урт удаан он жилүүд. Аав  “Өвөө маань их номтой лам хүн байсан юм. Түүнийгээ үргэлж нууж, бурхан номоо далд хийн нууцаар шүтэх. Нэгэн өдөр хичээлээсээ тараад иртэл уйлчихсан сууж байна. Ногоон малгайтнууд ирээд бурханыг минь галд хийчихлээ. Ингэж байснаас хар толгойгоо хийлгэчихдэг байж дээ гэж билээ” хэмээн ярьдаг сан. Амьнаас ч илүү үнэ цэнэтэй зүйл байх. Тэр бол итгэл үнэмшил, хүсэл эрмэлзэл бодол ухаанаас урган гарсан зан үйлдэхүй, эх орон, элгэн садан билээ. Ийм л эрхэм зүйлсээ ч хамгаалах эрх чөлөө тэдэнд байсангүй. Гэвч хүний юунд ч үл хязгаарлагдах  хамгийн эрх чөлөөт зүйл бол сэтгэх, бодох, ухаарах үйл явц юм. Энэ л ухаарал мэдрэмжийн үндсэн дээр тухайн хүний бодол санаа бүрэлдэн бий олж шашин шүтлэг, ахуй соёл хэлбэршин тогтсон. Хэлмэгдүүлэлт хүн бүрийн зүрхэнд асаж байсан хат ухаан, итгэл үнэмшлийг үгүй хийж чадаагүй юм.

“Эл хуль чимээгүйн дунд ужиг хатуу шорон

Эрлэг номун хааны орд мэт “улсын төв шорон”….

Энэ зууны чимээг өргөст тороор хориглож

Энд гагцхүү хар төмөр ноёрхоно” хэмээн Р.Чойном нэгэнтээ бичсэн байдаг. Тухайн цаг үеийнхээ оюун санааны дууч явсан тэрбээр бас л өөрийн гайхамшигт уран бүтээлээсээ болоод шоронд хоригдон хэлмэгдэж явжээ. Үнэхээр л тэр үед гайхамшигтай бүхнийг нухчин дарж, эх түүхээ өмөөрөн эх орноо хайрласан хэн бүхнийг хяхан хавчиж,хардан сэрддэг байлаа.

1939 оноос “Дотоодыг хамгаалах яам”-д  хэлмэгдэгсэийг цагаатгах ажлыг бага багаар хийж эхэлсэн боловч энэ нь улс төрийн шалтгаанаас үүдээд нэг л явцгүй байсан бөгөөд 1990-ээд оноос Монголд ардчилсан хувьсгал гарч ард түмэн өөрчлөлт шинэчлэлийн замд орсноор цагаатгах ажлыг эрчимтэйгээр явуулсан юм. Түүх гэдэг хэлгүй дүлий үзэгч бус чимээгүй яригч “мөнхийн багш” байдаг. Энэ түүхээс бид хэлмэгдүүлэлт гэдэг биеийг аажим аажимдаа муутгасаар мөхөөдөг аймшигт өвчин мэт ямар аюултай зүйл байдгийг ухаарсан. Гэвч энэ ухаарал яс цусандаа мэдэрсэн “бодлын лугшсан өвдөлт” намдаж амжаагүй байхад 2008 оны 7-р сарын 1-ний үймээнээр гэмгүй 4 хүний амь насыг авч одсон мэдээ чих дэлсэн сонсогдов. Атаа хорсол, мунхаг сэтгэл, шуналын цусаар сэлбэгдэн хэлмэгдүүлэлт бидний дундуур эдүгээ хүртэл урссаар байна гэжүү? Хамбын овооноос олдсон олон зуун хүний яс, насаараа хэлмэгдэж хорвоо дээр хүн болж мэндэлснийхээ төлөө зовж зүдэрсэн хүмүүсийн нулимстай харц, өвгөдийн минь шатаагдсан судрууд, Орос руу хэдэн мянгаараа ачигдсан бидний хувьд хэмжээлшгүй үнэ цэнэтэй хэрнээ тэр улсын хувьд хог мэт үзэгдэх оюун санааны дурсгал, бүтээлүүд…Бидэнд ямар нэгэн зүйл хэлэхгүй байна гэжүү? Хэлмэгдүүлэлт зуун жил магадгүй түүнээс ч илүү удаан үргэлжилсэн. Тэр үед бидний бүхий л үнэ цэнэтэй зүйлс маань хэлмэгдсэн юм. Бид өөрсдөө хэлмэгдсэн юм. Иймээс би энэ зууныг хэлмэгдсэн зуун гэж нэрлэлээ.

Шувууд нисэх тэнгэр нь эзгүй

Хүмүүн гишгэх газар нь эзгүй

Сэтгэл эзгүйрсэн…уулс маань эзгүйрсэн

Гэмгүй нэгний мэгших дуу л газрын гүнээс сонсогдох шиг.

Хэлмэгдсэн эзгүйрсэн зуун ахин бүү давтагдаг. Энэ гашуун түүхийг хэн ч бүү мартаг