“СОЦИАЛИЗМЫН ЭСРЭГ 1932 ОНЫ МОНГОЛ ДАХЬ БОСЛОГО” НОМ ХЭВЛЭГДЛЭЭ

ОХУ-ын иргэн, доктор С.Л.Кузьмин, түүний гэргий Ж.Оюунчимэг нар “Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого” ном бичиж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисстой хамтран хэвлүүлж уншигчдад хүргээд байна.

Зохиогчид уг номынхоо талаар “XX зууны Монголын түүхэнд тохиолдсон хамгийн том бослого юунаас болж, яагаад гарав? Босогчид хэнд найдаж түшиглэв, хэн тэднийг хангаж байв? Яагаад бослого дарагдсан бэ? Эдгээр асуултад урьд өмнө хаалттай байж, хэн хүний олж үзээгүй байсан Орос улсын архивын материалууд болон өмнө хэвлэгдсэн, хэвлэгдээгүй Монголын материалуудтай харьцуулан хийсэн судалгаанд түшиглэн хариулахыг хичээв.

1932 оны Монголын бослого нь урьд өмнө түүх бичлэгт гарсанчлан “гадаад түвд хүмүүсийн турхирсан”, эсвэл Монголын дээд лам нар, феодалуудын гаргасан үймээн, Түвдээс Банчин Богдоор зуучлуулан Монголын хэрэгт өнгөлзсөн, япончуудаас дэмжлэг авч байсан гэх дүгнэлтүүд нотолгоо баталгаагүй байна.

Архивын олон эх сурвалж, баримт бичгүүдийг шүүн тунгаах аваас үнэн хэрэгтээ босогчид гадаадын заалтаар бус, гадны ямар нэгэн тусламж дэмжлэггүйгээр зөвхөн өөрсдийн хүчинд тулгуурлахаас өөр аргагүй байсныг мэдэж болно. Бослого гарсан шалтгаан нь түвд, япон ч биш, бас дээд лам нар, феодалууд ч биш байна. Бослого гарах болсон дотоод шалтгаан нь тухайн үед МАХН-аас хэрэгжүүлсэн “зүүний нугалаа”, гадаад шалтгаан нь ЗСБНХУ-д БХК(б)Н-ын хэрэгжүүлж байсан социализмыг Монголд экспортолсон явдал мөн. Монголд социализм байгуулах “зүүний бодлого” үнэхээр харийн хүмүүсээр, тухайлбал Коммунист интернационалын болон Бүх Холбоотын Коммунист большевикуудын намын удирдагчдаар турхирагдсан бөгөөд үүний хариуд БНМАУ-д бурхны шашнаа болон өөрийн уламжлалт засаглалаа хамгаалах зорилготой ардын бослого гарсан байна.

Эл номд Оросын Холбооны Улс, Монгол Улсын архивын 90 гаруй баримт, эх сурвалж, газрын зураг, гэрэл зургуудыг хавсаргасан” гэсэн бол,

Уг бүтээлийг хянан тохиолдуулагч түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан “XX зууны Монголын түүхэнд тодорхой байр суурь эзлэх учиртай үйл явдлын нэг бол бидний 1932 оны “эсэргүү бослого” хэмээн нэрлэж, бичиж ирсэн гашуун түүх юм. Тухайн үеийн Монгол Улсын бараг бүхий л нутаг дэвсгэрийг хамарч, маш олон хүн оролцсон эл үйл явдлыг 1932 оны “эсэргүү бослого” хэмээн нэрлэх төдийгөөр түүх бичлэгт хязгаарлаж иржээ. Иймээс эл “эсэргүү бослогын тухай” тухайн үед дэндүү хаалттай байсан Монголоос хальж мэдээ түгсэн нь бага бөгөөд тэр хэмжээгээр уг үйл явдлын тухай ойлголт бидний тархинд түүхэн бодит байдлаас эсрэгээр суусаар олон жил болсон байна. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа уг үйл явдлын талаар цөөн тооны өгүүлэл, товхимол гарсныг эс тооцвол энэ “бослого”-ын тухай өнөө хэр нарийн судалгаа хийгээгүй байна. Монголд болсон үйл явдалтай агаар нэгэн Унгар, Чехийн түүхэн үйл явдлыг “коммунист дарангуйллын эсрэг тэмцсэн анхны орон”, “1956 оны Унгарын хувьсгал” гэх буюу 1968 оны Чехословакийн шинэчлэгч хөдөлгөөн гэх зэргээр бичиж байна.

Монголд 1932 онд ямар үйл явдал болов гэдэг талаар ОХУ-ын эрдэмтэн, доктор С.Кузьмин, гэргий Ж.Оюунчимэгтэй хамтран судалгаа хийсэн нь эл бослогын талаарх судалгаанд ахиц гаргахуйц хэмжээний зохиол болжээ.

Тэрбээр ОХУ-ын Нийгэм улс төрийн түүхийн төрийн архив (хуучнаар Коммунист намын төв архив бөгөөд орчин үеийн нэр нь РГАСПИ), ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны төв архив (ЦАФСБ), Оросын цэргийн төв архив (РГВА) зэрэг урьд өмнө хаалттай байсан, өнөө хэр хүссэн хүн бүхэн орох боломж хомс архивуудад олон жил нууц байдалтай хадгалагдаж ирсэн 1932 оны түүхэн үйл явдалтай шууд холбогдох БХК(б)Н-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хуралдааны тогтоол, шийдвэр, ЗХУ-ын удирдагч И.Сталины бусад удирдагч нартайгаа харилцаж байсан захидал, цахилгаан, Коминтерний Гүйцэтгэх Хорооноос Монголын талаар бичиж байсан тайлан, илтгэх хуудас, мэдээ, мэдээлэл зэрэг олон чухал баримт бичгийг судалгаандаа ашиглаж, уг түүхэн үйл явдлын талаар хэн бүхэн эргэцүүлэн бодоход дөхөм болохуйцаар өөрийн дүгнэлт, саналыг дэвшүүлсэн байна.

Уг зохиолд ашигласан материалуудын дотор тэртээ Монголд 1932 онд өрнөсөн эл түүхэн үйл явдлын цөмөөс шууд орос хэлээр бичсэн илтгэл тайлан, мэдээ баримт, гэрэл зураг олон байгаагаас гадна монгол хэлээр бичиж, орос хэл рүү хөрвүүлэн илгээсэн баримт бичгүүд ч бас цөөнгүй байна. Тухайлбал: Монголд ажиллаж байсан Зөвлөлтийн сургагч Гроссманы “Тулалдааны үйл ажиллагааны тухай” 11 хуудас тайлан онц сонирхолтой юм.

Мөн БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газрын дарга Д.Намсрайгаас илгээсэн тагнуулын мэдээнүүд ихэнх нь орос хэлээр байна. Түүнчлэн Лхүмбэ, Дубровский нарын нэр хамтран хүргүүлсэн мэдээллүүд ч байна. 1920-оод онд Монголд ирж ажиллаж байсан Коминтерний төлөөлөгч Амагаевын эл бослогод хамаарах мэдээлэл хүртэл багтсан нь сонирхолтой байгаа юм. Зохиогчид судалгаандаа БНМАУ-тай хил залгаа оршиж байсан Өвөр Монгол, Манжуур, Шинжаан ба Хятадын районуудад явуулсан Зөвлөлтийн тагнуулын ажиллагааны мэдээллийг хүртэл ашигласан нь тун олзуурхууштай. Мэдээжийн хэрэг Монгол Улсын архив, Дотоодыг хамгаалах газрын Онцгой хэлтсийн мэдээ, баримтуудыг нэгтгэн харьцуулах оролдлого хийсэн нь ойлгомжтой.

Ийнхүү 1932 онд Монголд болсон түүхэн үйл явдлын талаарх дотоод, гадаадын мэдээ, баримт бичгүүдийг харьцуулан үзэж, уг бослого гарахын өмнөх үйл явц, бослого гарах үеийн нөхцөл байдал, бослогын үйл явц, түүний үр дагавар, зорилго, арга, талуудын хүчний харьцаа зэргийг нягтлан үзэх оролдлого хийсэн нь сайшаалтай болсон байна.

Чухам яагаад Монголд ийм бослого дэгдэв гэдэгт нэг мөр хариулт өгөхийг хичээж, “Засгийн газрын хүч босогчдыг бодвол зэвсэг ба хангамжийн хувьд маш давуу байв” гээд, “Ийм байдал байлдааны хувь заяаг шийдсэн юм. Үнэн утгаараа бол 1932 оны иргэний дайн бол эзэн хаант уламжлал коммунизмын дарангуйлалтай тэмцсэн мөргөлдөөн болоод зогсохгүй дайныг явуулах хуучин арга орчин үеийн аргатай тулгарсан мөргөлдөөн болжээ. Дүрслэн хэлбэл коммунизм хуягт техник, нисэх онгоцны хүчээр хуучирсан буу зэвсэг, ид шид, бороохойгоор нэн амжилтгүй хамгаалах гэж оролдсон уламжлал руу дайрч ялсан болно” хэмээн дүгнэсэн байна.

Бослогод оролцогчид хийгээд бослогыг дарсан хоёр тал “хоёулаа харгис хэрцгий үйлдэл гаргаж” байсныг зохиогчид хүлээн зөвшөөрсөн байна.

Босогчид БНМАУ-д Банчин Богд ирэх цуурхлыг өргөн ашиглаж байснаас бус “бослого хөдөлгөөнд түвд хүн маш цөөн тоогоор оролцож, бас тэд бослогыг удирдаж байгаагүйг” онцлон тэмдэглэсэн байна. Түүгээр үл барам зохиогчид Банчин Богд ид шидийн Богдын нууц лүндэн буюу “1889 оны гэрээг” хэрэглэсэн гэдэг нь баталгаагүй зүйл болохыг нотолжээ. Өөрөөр хэлбэл тэрхүү Богдын лүндэн хэмээн тархаасан зүйл болох “гэрээ” бичиг нь зохиомол зүйл гэдгийг нотолсон байна.

Зохиогчид Монгол Улсын Үндэсний архив, МАН-ын төв архив, Тагнуулын ерөнхий газрын архивын баримтуудыг өргөнөөр ашиглахын зэрэгцээ тагнуулын байгууллагын нууц баримт бичгүүдийг олноор анх түрүүн ашиглаж эргэлтэд оруулсан Д.Цэрэнбалжир, Б.Зинамидар нарын зохиолуудыг өргөн ашиглажээ.

Д.Цэрэнбалжир “Босогчид гадаадаас зэвсгийн тусламж авч байгаагүй, бослого түргэн тархсаны шалтгаан бол хүрээ хийд хоорондоо нягт зузаан холбоотой, бослогын тухай мэдээ төвөөс албан мэдээ ирэхээс өмнө маш хурдан тарсантай холбосныг” зөв хэмээн тэмдэглэхийн сацуу Б.Зинамидарын хийсэн дүгнэлтүүдтэй санал нийлэхгүй болохоо ч мөн дурдсан байна.

“1932 онд БНМАУ-д дээд лам нар ба феодалуудын гадаадаас турхирсан зэвсэгт бослого гарсан биш, харин ардын бослого гарч, улмаар иргэний дайнд шилжсэн байна” гэсэн дүгнэлт хийж, эл иргэний дайн нь “большевикуудын Монголд экспортолсон социализм”-аас үүдэлтэйг зохиогчид тэмдэглэснийг яахин буруушааж болох билээ.

Түүгээр үл барам зохиогчдын тэмдэглэсэн “бослогын гэм хувьсгалын эсэргүү нарт бус, харин тухайн цагт БНМАУ-д болон ЗСБНХУ-д засаг төрийг барьж байсан намын нөхдүүдэд ногдох учиртай” гэсэн дүгнэлттэй санал нэгдэж, 1932 оны хувьсгалын эсэргүүчүүдийг бүх хууль ёсны дагуу цагаатгах саналыг бүрэн дэмжиж байгаагаа ялдамд илэрхийлье.

Энэхүү 1932 оны бослого нь хэдэн мянган жил үе уламжлан ирсэн угсаа, хөрөнгө, гарал үүсэл, шашин шүтлэг, соёл, зан заншил тэргүүтнийг нь доромжлон  гутааж,  хураан  авч,  амьд орших бололцоогүй шахам болгож байснаас тэсэхээ байж үндэс угсаагаа, шашин шүтлэгээ, эрхэмлэдэг зүйлсээ хамгаалах зорилгоор Зөвлөлтийн нам, засгаас МАХН, ардын засгаар дамжуулан хэрэгжүүлж байсан социализмыг эсэргүүцэн боссон ард түмний бослого байсан хэмээн үзэж байна.

Эл 1932 оны ард түмний бослого бол тухайн үед Монголд гаднаас орж ирсэн социалист үзэл онол, дэглэмийг эсэргүүцсэн агуулгатай байсан тул цагаатгах бүрэн үндэслэлтэй хэмээн үзэж байна” гэж онцлон тэмдэглэжээ.