Мэндчилгээ

sanjmyatav

МЭНДЧИЛГЭЭ

               Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нэрийн өмнөөс

               эрхэм Таны амар амгаланг айлтган мэндчилье.

              XX зууны Монголын түүхэнд хар толбо болон үлдсэн улс төрийн хэлмэгдүүлэлтэнд (1922-1990 онуудад) олон мянган жирийн иргэд өртөж улмаар тэдний (хүний) эрх ноцтой зөрчигдөн гэр бүл үр хүүхдүүд, ач зээ төрөл төрөгсөд нь үе дамжин давхар хэлмэгдсэн эмгэнэлт үйл явдал нэг бус удаа тохиолдсон байдаг.

              Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс (ЦАУЗБУК) нь Монгол улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг цагаатгаж нэр төрийг сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, тэдгээр хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршигт үр дагаврыг арилгах асуудлыг улсын хэмжээнд төрийн нэрийн өмнөөс зохион байгуулж, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” Монгол улсын хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг хүлээсэн төрийн байгууллага юм.

              Манай хэвлэмэл болон цахим танилцуулгаас Та бүхэн Улсын комиссын бодлого үйл ажиллагаа, цагаатгал, нөхөх олговрын асуудалтай холбоотой хууль тогтоомжууд тэдгээрийн хэрэгжилтийн талаар мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан иргэдийн товч мэдээлэл, улс төрийн хэлмэгдүүлэлтийн учир шалтгаан, хор холбогдлын тухайд Улсын комисс болон Улс төрийн хэлмэгдэгсдийн Судалгааны төвийн судлаачдын гаргасан ном бүтээл, цагаатгах ажлын талаарх бусад мэдээ мэдээлэл зэрэг түүхэн болон цаг үеийн ажлын тодорхой ойлголт, мэдээлэл авах боломжтой гэдгийг дурдахад таатай байна.

             Тус байгууллагын веб сайт (tsauzbuk.mn)-нд хандаж цахим хуудсаар зочлон манай ажлын онцлогийг ойлгож, танин мэдсэнээр хүнлэг энэрэнгүй ёс, шударга ариун үйлсийн төлөө бидэнтэй нэгдэн нээлттэй санал солилцож, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Монгол улсын Их Хурлын дэд дарга,
Цагаатгах ажлыг удирдан зохион
байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав