УЛСЫН КОМИССЫН АЖЛЫН АЛБА

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь Монгол улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах асуудлыг хариуцаж улс орон даяар үүнтэй холбоотой асуудлыг зохион байгуулж “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийг хэрэгжүүлэн ажилладаг төв байгууллага юм.

Улсын комиссын дарга, гишүүд нь орон тооны бус, төр засаг, хууль хяналтын байгууллагуудын төлөөллүүд байдаг. Зөвхөн Улсын комиссын нарийн бичгийн дарга, ажлын алба орон тооны байх бөгөөд Улсын комиссын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулдаг.

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА:

  • 1990-1992 онд:      Улсын Ардын хянан шалгах хорооны нэгдүгээр орлогч дарга; төрийн сайд асан Өлзийхутагийн Ганхуяг нь Улсын комиссын анхны нарийн бичгийн даргаар,
  • 1992-2009 онд:     Улсын бага хурлын гишүүн асан Нямдолгорын Сампилноров,
  • 2009-2014 онд: Доктор, профессор Очирын Лхагварэнцэн,
  • 2014 -2016 онд: Дэлэгчоймболын Дамбасүрэн
  • 2017-2019: Пүрэвжалын Нарандалай нар тус тус ажиллаж байсан ба
  • 2019 оноос             Доржготовын Ууганбаатар ажиллаж байна.  

УЛСЫН КОМИССЫН АЖЛЫН АЛБА

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга нь Ажлын албыг удирдлагаар ханган, өдөр тутмын ажлы зохион байгуулж ажилладаг ба  Ажлын алба нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” Монгол улсын хууль бусад холбогдох хууль, тогтоомжууд болон Улсын  комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, Салбар комиссуудын ажлыг уялдуулан зохицуулж арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй орон тооны бүтэц болно.

ЦАУЗБУК-ын 1993 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрээр Ажлын албаны зэрэгцээ Шинжлэх ухааны академийн бүтцэд байсан “Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төв”-ийг Улсын комиссын дэргэд шилжүүлэн зохион байгуулалт хийж 2014 оны сүүлч хүртэл ажиллуулж байв. Одоогоор Ажлын алба нь Захиргаа, дүн шинжилгээний албатайгаар үндсэн чиг үүргээ гүйцэтгэн цомхон бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, аймаг, нийслэлийн хэмжээнд аймаг, нийслэлийн Салбар комисс, сум хорооны хэмжээнд тухайн Засаг дарга нар хяналт тавин ажиллаж, Улсын комисс нь үйл ажиллагаагаа Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд тайлагнан ажилладаг билээ.