Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.ТӨГӨЛДӨР БАЯН-ӨЛГИЙ, ГОВЬ-АЛТАЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах, хяналт тавих, хэлмэгдүүлэлт ба цагаатгалын асуудлаар танилцуулга, мэдээлэл хийх, цагаатгал, нөхөх олговрын асуудлаар зөвлөгөө өгөх, хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын явцтай танилцах, уг ажлыг орон нутгийн төвшинд хамтран зохион байгуулах зорилгоор Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, холбогдох байгууллагын албан хаагчидтай уулзах, заавар зөвлөгөө өгөх, ажлын хэсгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр, ажлын албаны ахлах референт Н.Мэндбаяр, ажилтан Д.Зоригт нарын бүрэлдэхүүн 2022 оны 08 дугаар сарын 11-нээс 16-ны өдрүүдэд холбогдох газруудад ажиллалаа.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН САЛБАР КОМИСС ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН НОГООН ТӨГӨЛИЙГ ЕСӨНБУЛАГ СУМЫН “ШҮТЭЭНИЙ ӨНДӨРЛӨГ”-Т БАЙГУУЛНА.

Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга бөгөөд салбар комиссын дарга Д.Даваадорж, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга М.Алтангэрэл, Цагаатгалын асуудал хариуцсан ажилтан Т.Ууганжаргал болон холбогдох байгууллагын албан хаагчидтай албан уулзалт, мэдээлэл хийж, хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөдтэй уулзаж, нөхөх олговор болон дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр харилцан санал бодлоо хуваалцан, зөвлөгөө өгч ажиллалаа.

Говь-Алтай аймаг хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөний дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөлийг “Шүтээний өндөрлөг”-т байгуулахаар аймгийн Засаг даргын захирамж гаргуулаад байна. Энэхүү ногоон төгөлийн орчинд хэлмэгдэгчдийн дурсгалын хөшөөг бий болгож дурсгалын цогцолборт хэлбэрээр өргөжүүлэхээр төлөвлөж байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН САЛБАР КОМИСС ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫН НОГООН ТӨГӨЛИЙН ЦОГЦОЛБОРТ ХҮНДЭТГЭЛИЙН ХӨШӨӨГ БИЙ БОЛГОНО.

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга А.Серикболат, ИТХ-ын Цагаатгалын асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Маргулан болон тус аймгийн шүүх, прокурор, тагнуул, архив, музей зэрэг байгууллагын албан хаагчидтай албан уулзалт, мэдээлэл хийж, хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах чиглэлээр санал солилцож орон нутгийг музейд байрлах хэлмэгдэгчдийн дурсгалын танхимтай танилцлаа.

Баян-Өлгий аймаг хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөний дагуу ИТХ-ын тогтоолоор шийдвэрлэгдсэн хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөлийн орчинд хүндэтгэлийн хөшөө бүхий цогцолборыг бий болгоно.

ХОВД АЙМГИЙН САЛБАР КОМИСС ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ЦОГЦОЛБОРЫГ ШИНЭЭР БАЙГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА.

Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ИТХ-ын цагаатгалын ажил хариуцсан мэргэжилтэн Г.Бадамсүрэн болон холбогдох албаны албан хаагчидтай уулзалт, мэдээлэл хийж хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөний хүрээнд хийгдэж буй ажлын явцтай танилцаж, нэр бүхий иргэдийг хүлээн авч уулзан цагаатгалын асуудлаар зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.

Ховд аймгийн хувьд энэ оны 5 дугаар сард бий болгосон хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөлийн орчинд хэлмэгдэгчдийн нэрс бүхий нутгийн чулуун дурсгалын багана босгох юм. Албан томилолтоор ажилласан Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймгийн салбар комисс Улсын комиссын даргын 2022 оны 09 дүгээр захирамжаар батлагдсан “Хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл бүхий цогцолборыг бий болгохоор санал, санаачилга гарган ажиллаж байгаа бөгөөд уг цогцолборт хэлмэгдэгчдийн дурсгал, хүндэтгэлийн хөшөө, багана болон орон нутгийн төвшинд санаачилсан бусад байгууламжийг байгуулах юм.