Үйл ажиллагааны чиглэл

Цагаатгах байгууллага

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцогдох хүмүүсийн талаар нарийвчлан заасан байдаг бөгөөд

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч шүүх болон түүнийг орлосон байгууллагаар шийтгэгдсэн болох нь архивын баримтуудаар нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Дээд шүүх,

2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч улс төрийн хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн боловч хэрхэн шийтгэгдсэн нь тодорхойгүй, эсвэл суллагдсан, баривчлагдан мөрдөгдөж байхдаа шоронд нас барсан болох нь архивын баримтуудаар нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар,

3. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч тухайн үеийн нам, төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр нутаг заагдсан, ажил, албан тушаалаасаа хууль бусаар халагдсан, эд хөрөнгөө хураалгасан, намаас хөөгдсөн болох нь архивын баримтуудаар нотлогдсон тохиолдолд тухайн шийдвэр гаргасан байгууллагын оршин байсан буюу оршин байгаа нутаг дэвсгэрийг харьяалж байгаа анхан шатны шүүх тус тус цагаатгах эсэхийг эцэслэн шийдвэрлэдэг.

Түүнчлэн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан баривчилж, мөрдөн байцаалт явуулсан тухай ямар нэг баримт, нотолгоо Тагнуулын ерөнхий газрын архивт байхгүй боловч улс төрийн хэрэгт баривчлагдсан тухай орон нутгийн хүмүүс баттай гэрчилж байгаа тохиолдолд иргэний болон хуулийн этгээдийн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий Прокурорын газарт хэрэг үүсгэн, Тагнуулын ерөнхий газраар шалгуулан хэргийг хянаж шийдвэрлэнэ гэж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасан байдаг.

Жич: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч гэж үзэж буй иргэний цагаатгагдсан эсэхийг тодруулахыг хүсвэл Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын ажлын алба /Засгийн газрын 11-р байр, 602 тоот/ -нд хандах болон 51-261725, 51-266298 тоот холбогдох утсаар лавлана уу.