Мэдээ, мэдээлэл

Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгасан талаар Монгол Улсын Их хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяагийн ярилцлагыг хүргэж байна

 

2021 оны 06 дугаар сард Нийгмийн зүтгэлтэн Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгасан тухай шийдвэр холбогдох байгууллагаас гарсан байна. Энэ талаар та тодруулаач?
Улсын комиссын даргын хувьд Монголын хүүхдийн төлөө фондыг санаачлагч, нийгмийн зүтгэлтэн Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг хэлмэгдсэнд тооцож, нэр төрийг сэргээн цагаатгуулах санал, санаачилга гарган Цагаатгалын хуульд тусгаж өгсөн Улсын комиссын эрхийн дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Шүүх 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, А.И.Цэдэнбал Филатоваг цагаатгасан түүхэн шийдвэрийг гаргалаа. Энэ шийдвэрийг үндэслэн холбогдох журмын дагуу Монгол Улсын Дээд шүүхээс цагаатгасан тухай үнэмлэхийг олгоод байгаа.

 

 

 

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 98 дугаар зарлиг гэж та дурдлаа. Энэ нь ямар утгатай зарлиг байсан юм бол? Ер нь А.И.Цэдэнбал Филатоваг яаж хэлмэгдүүлсэн бэ?
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлиг нь “А.И.Цэдэнбал Филатовагийн цол, одонг хасах тухай” эрх зүйн акт байсан юм. Уг зарлигаар А.И.Цэдэнбал Филатовад олгосон БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонг тус тус хасч, хураан авахаар, улмаар түүнд цол одонг олгосон БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигууд тус тус хүчингүй болгосон байдаг.
Шүүх уг 1990 оны 98 дугаар зарлигийн үндэслэлд “…нам, улсын өмнө байгуулсан тодорхой гавьяагүй байхад шагналын зарчмыг зөрчиж А.И.Цэдэнбал Филатовад шударга бусаар олгосон цол, одонгийн талаар улс, олон нийтийн байгууллага, намын гишүүд, хөдөлмөрчдөөс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн…” хэмээн дурдсан нь Цагаатгалын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан “…зохиомол гүтгэлэгт үндэслэсэн…” гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэж уг зарлигийг хүчингүй болгож А.И.Цэдэнбал Филатоваг цагаатгасан юм.
Хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан гэж миний хувьд үзээд байгаа байхгүй юу, яагаад гэхээр түүний жам ёсны эрхийг зөрчиж хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлаж хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирлыг учруулж байсан нь тухайн үед нөхөр Ю.Цэдэнбалын хамт ЗСБНХУ-д гэрийн хорионд байлгасан, тэдний гэр бүлийн бүх эд хөрөнгийг нь хураасан, нөхөр Ю.Цэдэнбалыг нь оршуулсан өдрийн үдэш шөнө дөлөөр түүнээс байцаалт авсан зэрэг нь баримтаар харагддаг. Ийм хүнлэг энэрэнгүй бус байж болох уу. Үүнээс гадна “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д заасан “…Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй, хэн боловч аливаа улс орныг орхин явах, эргэж очих эрхтэй, хэний ч өмч хөрөнгийг дураар хураан авч болохгүй биздээ. Хүний эрхийн нийтлэг заалтуудыг ноцтой зөрчиж А.И.Цэдэнбал Филатоваг хэлмэгдүүлж байсан гэж үзэж байгаа.

А.И.Цэдэнбал Филатова цагаатгагдлаа. Энэ хүн цагаатгагдсанаар ямар үр дагавар гарах вэ?
Ардчилсан Монгол Улсад хүний эрхийг зөрчиж болохгүй, ямар нэг байдлаар хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн бол түүндээ уучлал гуйж, зөрчигдсөн эрхийг сэргээдэг байх хэрэгтэй, ийм ч хуультай улс.
Цагаатгалын хуулийн 22 дугаар зүйлд цагаатгагдсан хэлмэгдэгчид хэлмэгдүүлсний улмаас хассан цол, одон, медаль, шагналыг буцаан олгох тухай зохицуулалтыг тусгасан байдаг цол, одон, медаль, шагналыг олгосон байгууллага нь уг хүнийг цагаатгасан тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн буцаан олгохоор хуульчилсан бөгөөд энэ дагуу А.И.Цэдэнбал Филатовагаас хууль бусаар хураан авсан цол, одонг эгүүлэн өгөх эрх зүйн боломж бүрдчихсэн гэсэн үг юм. Тиймээс мэдээж дараачийн алхам бол дээрх цол, одонг холбогдох хуулийн дагуу олгуулах явдал бөгөөд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмаар цол, одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгох тул энэ тухай хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, өргөн мэдүүлээд байна.

Танд баярлалаа.