Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСАД БНСУ-ЫН ҮНЭН БА ЭВЛЭРЛИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын улс төрийн цагаатгал, хэлмэгдүүлэлтийн хор уршиг, соён гэгээрүүлэх, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх үйл ажиллагааг хариуцсан байгууллага болох Үнэн ба Эвлэрлийн хорооны төлөөлөгчид 2022 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд манай Улсад албан айлчлал хийлээ.


БНСУ-ын Үнэн ба эвлэрлийн хорооны төлөөлөгчид УИХ-ын дэд дарга, Улсын комиссын дарга С.Одонтуяа, Улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр болон ажлын албаны албан хаагчидтай Төрийн ордонд албан уулзалт хийж, санал солилцлоо.


Айлчлалын гол зорилгын нэг болох “Хүний эрх ба хэлмэгдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлэг НИТХ-ын хурлын А танхимд амжилттай зохион байгууллагдаж тус хэлэлцүүлэгт УИХ-ын дэд дарга, Улсын комиссын дарга С.Одонтуяа, Үнэн ба Эвлэрлийн хорооны дарга, Сөүлийн их сургуулийн профессор Жон Гин Шиг /цахимаар/ нар оролцож мэндчилгээ дэвшүүлж, Улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн, Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор О.Батсайхан, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Б.Энхболд, БНСУ-ын Үнэн ба эвлэрлийн хорооны байнгын хорооны тэргүүлэх гишүүн, Гонгүгийн их сургуулийн хууль эрх зүйн тэнхимийн профессор, Хууль эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх, Прокурорын хэрэг хянан шалгах комиссын гишүүн Ли Жэ Сун нар илтгэлээ хэлэлцүүлэв.


Мөн Үнэн ба Эвлэрлийн хорооны байнгын хорооны тэргүүлэх гишүүн Ли Жэ Сун “Эвлэрэл, энх тайвныг тогтоохын төлөөх Солонгосын хүчин чармайлт” сэдвээр МУИС-ын багш, оюутнуудад лекц уншлаа.


Түүнлчэн Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын үйл ажиллагаатай танилцаж, Говьсүмбэр аймгийн танилцуулга, Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох, тэдний дурсгалын мөнхжүүлэх, хэлмэгдүүлэлтийн ахин давтахгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх ажил, үйлчилгээ орон нутгийн түвшинд хэрхэн хэрэгждэг талаар тайлан мэдээг сонсож, хүний эрх болон хэлмэгдүүлэлтийн талаар санал солилцож тус аймгийн Чойр хотод байрлах 1999 онд бүтээгдсэн Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, 2022 оноос бий болж буй Хэлмэгдэгсдийн дурсгалын ногоон төглийн орчинтой танилцлаа.