Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилтэд явцтай танилцах, хяналт тавих, Дундговь, Төв, Өмнөговь аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын албан хаагчидтай уулзах, заавар зөвлөгөө өгөх, иргэд олон нийттэй уулзах зорилгоор Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа болон Улсын комиссын ажлын албаны холбогдох албан хаагчид нарын бүрэлдэхүүн 2022 оны 03 дугаар сарын 03-наас 06-ны өдрүүдэд холбогдох газруудад ажиллалаа.
Ажиллах хугацаанд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга С.Од-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, салбар комиссын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх, Төв аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ц.Жамбалсүрэн, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, салбар комиссын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, Өмнөговь амйгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Бадраа, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, салбар комиссын нарийн бичгийн дарга Л.Батчулуун нарын зэрэг 19 албан хаагчидтай уулзаж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийн талаар болон Улсын комиссын үндсэн 3 чиглэлийн талаар санал солилцсон бөгөөд мөн Дундговь аймгийн иргэн н.Норовсүрэн, н.Цэнд, Өмнөговь аймгийн иргэн А.Батхүү нарын зэрэг 15 иргэн уулзаж дээрх хуульд тусгагдсан иргэнийг цагаатгуулах, цагаатгагдсан хэлмэгдэгчдийн нөхөх олговорт хамаарах боломжтой эсэхэд болон нөхөх олговрын шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хэрхэх талаар зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллалаа.
Улсын комиссын өмнөх удирдллагууд орон нутагт албан томилолтоор ажиллах явцдаа комиссын үндсэн 3 чиглэлийн иргэнийг цагаатгуулах болон хэлмэгдэгчдэд нөхөх олговор олгох зэрэг 2 чиглэлд анхаарч ажиллаж, асуудлыг шийдвэрлэж байсан бол энэ удаагийн албан томилолтоор ажиллах хугацаандаа 3 дахь чиглэл болох хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хойч үедээ таниулах, ахин давтахгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх чиглэлд анхаарч ажиллаж талаар голлож санал солилцлоо. Уг чиглэлд төв орон нутгийн түвшинд хамтарч ажиллах саналыг албан томилолтоор ажилласан Дундговь, Төв, Өмнөговь аймгийн удирдлагууд бүгд дэмжсэн бөгөөд орон нутгийн түвшинд хамтарч хийж хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын төслийг танилцуулсан. Үүний нэг тод жишээ нь Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод орших Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөний байршлыг хэлмэгдүүлэлттэй холбогдол бүхий газарт зөөн байршуулж дэргэд нь тус аймгаас одоогийн байдлаар хэлмэгдэн цагаатгагдаад буй 1423 иргэний нэрсийг байрлуулах, Дундговь аймгийн төв Мандалговь хотын цэцэрлэгт хүрээлэнд хэлмэгдүүлэлтийн хор уршгийг олон нийтэд таниулах зорилготой тусгай цогцолбор барих төсөл хэрэгжүүлэхээр болсон талаар танилцуулсан бол Төв аймгийн тухайд хэлмэгдэгчдийн дурсгалд зориулан босгосон хөшөө, дурсгалыг сэргээн засварлахаар жилийн ажлын төлөвлөгөөндөө тусгасан байгаа тухайгаа дурдаж байлаа.
Цаашдаа Улсын комисс, түүний ажлын алба хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хойч үедээ таниулах, ахин давтахгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх чиглэлийг голлох чиглэл болгон анхаарч ажил, үйлчилгээгээ хэрэгжүүлэх бөгөөд энэхүү ажлын хүрээнд боловсруулагдах төсөл, хөтөлбөр, ажил, үйлчилгээнд аймаг, нийслэлийн салбар комиссыг татан оролцуулж, төв, орон нутгийн түвшинд хамтарч ажиллах юм.