Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.ТӨГӨЛДӨР ГОВЬСҮМБЭР, ДОРНОГОВЬ АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах, хяналт тавих, хэлмэгдүүлэлт ба цагаатгалын асуудлаар танилцуулга, мэдээлэл хийх, цагаатгал, нөхөх олговрын асуудлаар зөвлөгөө өгөх, хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын явцтай танилцах, уг ажлыг орон нутгийн төвшинд хамтран зохион байгуулах зорилгоор Говьсүмбэр, Дорноговь аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, холбогдох байгууллагын албан хаагчидтай уулзах, заавар зөвлөгөө өгөх, ажлын хэсгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр, ажлын албаны ахлах референт Н.Мэндбаяр, ажилтан Д.Зоригт нарын бүрэлдэхүүн холбогдох газруудад ажиллалаа.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН САЛБАР КОМИСС ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫН НОГООН ТӨГЛИЙН ОРЧИНГ ТОХИЖУУЛЖ БАЙГУУЛНА

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд салбар комиссын дарга Ш.Билэггүмбэрэл, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг салбар комиссын гишүүд болон ИТХ-ын ажлын алба, аймгийн шүүх, прокурор, тагнуул, архив, музей зэрэг албан байгууллагын албан хаагчидтай ажил хэргийн уулзалт, мэдээлэл хийлээ.

Говьсүмбэр аймгийн салбар комисс Хэлмэгдэгчдийн дурсгалын хөшөөг түшиглэн “Ногоон төгөл”-т орчныг бий болгон тохижуулж байгаа бөгөөд Улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр болон Улсын комиссын ажлын албаны албан хаагчид уг төгөлд мод тарих арга хэмжээнд оролцлоо.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЛБАР КОМИСС ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫН НОГООН ТӨГЛИЙН ОРЧИНГ ТОХИЖУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дорноговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Ц.Батсугир болон ИТХ-ын ажлын алба, аймгийн шүүх, прокурор, тагнуул, музей, номын сан зэрэг албан байгууллагын албан хаагчидтай ажил хэргийн уулзалт, мэдээлэл хийж, иргэдийн хүлээн авч уулзаж холбогдох хуулийн зөвлөгөөг хүргэлээ.

Дорноговь аймгийн салбар комисс Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөлт орчинг бий болгох явц энэ оны 5-р сараас эхлэн Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнд өрнөж байгаа бөгөөд орчныг тохижуулах ажил үргэлжилж байна.