Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.ТӨГӨЛДӨР СЭЛЭНГЭ, ДАРХАН-УУЛ АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА

Улс төрийн хилс хэргийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын явцтай танилцах, орон нутгийн төвшинд хамтран зохион байгуулах зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, холбогдох байгууллагын удирдлагатай уулзах, заавар зөвлөгөө өгөх, ажлын хэсгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр болон ажлын албаны бүрэлдэхүүн 2022 оны 05 дугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд холбогдох газруудад ажиллалаа.

Ажиллах хугацаанд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Нарантуяа, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, салбар комиссын нарийн бичгийн дарга Э.Оюунболд болон холбогдох албан хаагчид, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга С.Насанбат, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, салбар комиссын нарийн бичгийн дарга Ч.Энхбат болон холбогдох албан хаагчид болон тухайн орон нутагт оршин суух хэлмэгдэгсдийн үр хүүхэдтэй уулзаж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийн талаар болон хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх талаар танилцуулга мэдээлэл хийж, санал солилцсон бөгөөд мөн тус аймгийн иргэдтэй уулзаж дээрх хуульд тусгагдсан иргэнийг цагаатгуулах, цагаатгагдсан хэлмэгдэгчдийн нөхөх олговорт хамаарах боломжтой эсэхэд болон нөхөх олговрын шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хэрхэх талаар зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллалаа.

Түүнчлэн Сэлэнгэ аймагт баригдахаар төлөвлөгдөж буй “Хэлмэгдэгчдийн дурсгалын цогцолбор”-ын ажлын явц болон тус аймгийн нэгдсэн музейтэй танилцаж, музейн удирдлагатай уулзаж хэлмэгдүүлэлтийн хор уршгийг нийтэд таниулах, хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор булан, танхим байгуулахаар санал солилцлоо.

Харин Дархан-Уул аймгийн хувьд Улсын комиссын 2022 оны ажил эрчимжүүлэх төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор “Хэлмэгдэгчдийн дурсгалд зориулсан ногоон төгөл”-ийг байгуулж эхний ээлжинд 14 нарс тарьсан байна. Мөн ИТХ-ын дэргэдэх “Өсвөрийн парламент” бүлгэмээс санаачлан 12 дугаар анги төгсөж буй 34 бүлгийн 800 гаруй сурагчдыг уг аянд хамруулан 650 хайлаас мод тарьж, “Хэлмэгдэгчдийн дурсгалд зориулсан ногоон төгөл”-ийн танилцуулга самбарыг өөрсдийн хандивын хөрөнгөөр хийлгэхээр шийдвэрлэжээ. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх төлөвлөгөөний дагуу аймгийн музейтэй хамтран булан гаргаж тохижуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.