Мэдээ, мэдээлэл

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа болон УИХ, ЗГ-ын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний ажлын алба, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Нийслэлийн салбар комисс, Нийслэлийн удирдлагууд, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

1996 оноос эхлэн Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, 28 дахь жилдээ хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрөөж байна.
Үндэсний музейн өмнө талд байрлах хэлмэгдэгсдийн хешөөг 1997 онд уран барималч Л.Болд зэс хөөмлийн аргаар урласан юм.

ХАРЬ УЛСАД ХЭЛМЭГДСЭН 249 ИРГЭДИЙН НЭР БҮХИЙ ДУРСГАЛЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалын өдрийн хүрээнд харь улсад хэлмэгдсэн 249 Монгол иргэдийн нэр бүхий гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээнд Цагаатгалын Улсын комисс, Нийслэлийн салбар комисс, хэлмэгдэгчдийн ар гэрийн төлөөлөл болон БНСУ-ын “Чэжү 4.3 Энхтайваны сан”-гийн тэргүүн Ко Хи Бум тэргүүтэй хүндэт зочид, төлөөлөгчид оролцож хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөлөө.

2001 онд ОХУ-ын Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектэд босгосон “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-ний хувилбарыг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн салбар комисс, НИТХ-ын ажлын албатай хамтран УИХ-ын дэд дарга, Улсын комиссын дарга С.Одонтуяагийн санаачилгаар 2022 онд босгосон билээ.

Улс төрийн хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан уулын ар энгэрт байрлах Хэлмэгдэгсдийн хөшөөт дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө

Уг газарт 1937 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр баривчлагдан мөн оны 10 дугаар сарын 21-ний өдөр цаазлуулсан нэр бүхий 12 хүний шарил оршин буй.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ОРШИХ ХАМБЫН ОВООНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан МБШТөв Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулж буй Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Хамбын овоонд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр оролцож хүндэтгэл үзүүллээ.

Хамбын овооны суваргат байгууламжийг МБШТөв Гандантэгчэнлин хийдээс уг овооны орчимд цаазлуулсан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд зориулан босгосон билээ.