Мэдээ, мэдээлэл

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ, ЗГ-ын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний ажлын алба, БНСУ-ын ижил төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллага “Чэжү 4.3 Энхтайваны сан”-гийн зочид төлөөлөгчид, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Нийслэлийн салбар комисс, Нийслэлийн удирдлагууд, МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн төлөөллүүд, Улс төрийн намууд, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгчдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

1996 оноос эхлэн Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, 30 дахь жилдээ хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрөөж байна.

УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ буяны ном хурах арга хэмжээг зохион байгууллаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Монгол Улсад анх удаа 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийдүүд хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ буяны ном хурах арга хэмжээг зохион байгууллаа.

Нийслэлийн #Баянгол дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга П.Өлзийнаран, МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн ХМОНийт хариуцсан Тэргүүлэгч А.Батцэнгэл нар нээлтийн үг хэлж, БНСУ-ын ижил төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллага “Чэжү 4.3 Энхтайваны сан”-гийн зочид төлөөлөгчид, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд оролцов.

Хэлмэгдэгчдийн хөшөөт дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Улс төрийн хэлмэгдэгчдийг хүндэтгэх өдрийг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж болон ЕТГ, УИХ-ын Тамгын газар, Улсын комисс, түүний ажлын алба, Нийслэлийн салбар комисс, МБШТ-Гандантэгчэнлин хийд, Сонгинохайрхан дүүргийн салбар комисс, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Сонгинохайрхан уулын ар энгэрт байрлах Хэлмэгдэгчдийн хөшөөт дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Уг газарт 1937 оны 09-р сарын 10-ны өдөр баривчлагдан уг оны 10-р сарын 21-ний өдөр цаазлуулсан нэр бүхий 12 хүний шарил оршин буй.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД БАЙРЛАХ ХАРЬ УЛСАД ХЭЛМЭГДСЭН 249 ИРГЭДИЙН НЭР БҮХИЙ ДУРСГАЛЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн өнгөрүүлдэг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн хүрээнд харь улсад хэлмэгдсэн 249 Монгол иргэдийн нэр бүхий гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 4 дэх удаагаа уламжлал болгон зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд Улсын комисс, Нийслэлийн салбар комисс, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн салбар комисс болон хэлмэгдэгчдийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.

2001 онд ОХУ-ын Москва хотын Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектэд босгосон “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-ний хувилбарыг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн салбар комисс, НИТХ-ын ажлын албатай хамтран Улсын комиссын санаачилгаар 2022 онд босгосон билээ.