Мэдээ, мэдээлэл

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг 26 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлэв.

Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэснээс хойш өдгөө 26 дахь жилдээ Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байна.
Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн гэх иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,357 иргэнийг цагаатгаад байна.

Цагаатгалын хууль батлагдсан 1998 оноос хойшхи хугацаанд хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад тусгагдсан 500,0 мянга болон 1 сая төгрөгийн нөхөх олговрын хүрээнд 16 тэрбум 585 сая төгрөгийн нөхөх олговрыг 18,356 иргэнд, харин 2018 онд батлагдсан Цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэгдсэн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалт буюу хэлмэгдүүлэлтийн хор уршгийг өөрийн биеэр мэдэрч, бие махбодь, сэтгэл санааны хохиролд хамгийн ихээр өртсөн хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 болон 80 сая төгрөгийн нөхөх олговор олгох ажлын хүрээнд 63 тэрбум 980 сая төгрөгийн нөхөх олговрыг 1078 иргэнд тус тус олгосон бөгөөд нийт 19,434 иргэнд 80 тэрбум 565 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод байна.
Хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр жил бүр ном, бүтээлийг хэвлүүлэн гаргадаг бөгөөд 2021 онд “Дилов хутагт Жамсранжавын дуртгал” ном, “Завхан аймгаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан хүмүүс” эмхтгэлийг хэвлэн гаргаж олон нийтийн хүртээл болгоод байна. Мөн Улсын хэмжээнд дээрх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай – 31, хөшөө – 79, суварга – 47, самбар – 29, дурсгалын багана – 27, музейн булан – 16 зэрэг нийт 229 объект байна.

Түүнчлэн хэлмэгдэгчийг цагаатгуулах, нэр төрийг сэргээлгэх гомдлыг хүлээн авах болон хэлмэгдэгчийн нөхөх олговрын нэхэмжлэл гаргах хугацаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд харин Цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш уг онд цагаатгагдсан 23, 2019 онд цагаатгагдсан 62, 2020 онд цагаатгагдсан 43, 2021 оны эхний хагас жилд цагаатгагдсан 19 нийт 147 хэлмэгдэгчдийн нөхөх олговрын бүрдүүлбэр материалыг хүлээж авах эрх зүйн орчин нээлттэй байна. Дээрх 147 иргэнийг цагаатгасан байгууллагаар нь ангилбал Монгол Улсын Дээд шүүхээс цагаатгагдсан – 35, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас цагаатгагдсан – 110, Иргэний хэргийн анхан шатны шүүхээс цагаатгагдсан – 2 хэлмэгдэгч байна.

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ
УЛСЫН КОМИССЫН АЖЛЫН АЛБА