Мэдээ, мэдээлэл

ХҮНИЙ ЭРХ: “ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ба ЦАГААТГАЛ’’ СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хүүхэд, залуучуудад танин мэдүүлэх зорилгоор ‘‘Хэлмэгдүүлэлт ба цагаатгал’’ сэдвээр уран бүтээлийн гар зургийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2022 оны 09 дүгээр сарын 10-наас 2022 оны 12 дугаар сарын 01-ний хооронд амжилттай зохион байгууллаа.

Тус гар зургийн уралдааныг МУ-ын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний Ажлын алба болон нийслэлийн салбар комисс, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд эдгээр байгууллагын холбогдох мэргэжилтэнгүүд орж сэдвийн агуулгыг зөв гаргасан эсэхэд дүгнэлт өгөхөөр оролцсон бол мэргэжлийн үнэлэлт дүгнэлтийг Монголын Урчуудын эвлэлийн хорооны уран бүтээлч, Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Гунгаа, Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн зураг, дизайн технологийн багш Н.Түмэндэмбэрэл нар оролцон оролцогчдын авъяас чадварыг үнэлэн шалгарууллаа.

Уралдаанд нийслэл, орон нутгийн авьяалаг хүүхдүүдээс илгээсэн нийт 268 бүтээлээс:
• 1-р байрын шагналыг Нийслэлийн 149-р сургуулийн 11-р ангийн сурагч Д.Эгшиглэн,
• 2-р байрын шагналыг Нийслэлийн 31-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Саруул, Хөвсгөл аймаг, Дэлгэр мөрөн сумын цогцолбор сургаалийн 12-р ангийн сурагч А.Амгаланбаяр нар,
• 3-р байрын шагналыг Эрдэнэт хот, 5-р сургуулийн 12-р ангийн сурагч Э.Санчир, Булган аймаг, Сайхан сумын 1-р сургуулийн 7-р ангийн сурагч С.Тэмүүлэн, ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагч М.Намуунзул нар,
• 4-р байрны шагналыг ШУТИС-ийн ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Н.Эрхэмбилэг, Архангай аймаг, Эрдэнэбулаг сумын Лаборатори 1-дүгээр сургуулийн 11-р ангийн сурагч Б.Ивээл-Од, Булган аймаг, 3-р сургуулийн 9-р ангийн сурагч Б.Саруултуяа, Нийслэлийн Эрдмийн ундраа цогцолбор 77-р сургуулийн 12-р ангийн сурагч А.Дөлгөөн нар тус тус шалгарлаа.

Уралдааны шагналын сан:
• Нэгдүгээр байр тус бүр 1: Өргөмжлөл 2.000.000 төгрөг
• Хоёрдугаар байр тус бүр 2: Өргөмжлөл 1.000.000 төгрөг
• Гуравдугаар байр тус бүр 3: Өргөмжлөл 500.000 төгрөг
• Дөрөвдүгээр байр тус бүр 4: Өргөжлөл 250.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөгийн шагналын сантай.

Эдгээр авъяаслаг ур чадвартай хүүхдүүд болон нийт оролцсон хүүхдүүдийн бүтээлээр Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хүүхэд, залуучуудад танин мэдүүлэх зорилго агуулан цаашид үзэсгэлэн гарган олон нийтэд түгээхээр төлөвлөж байгаа билээ.

Оролцсон нийт хүүхэд залуусдаа сайн сайхан бүхнийг хүсье.