Монголын төр хэлмэгдсэн иргэдээ мартах учиргүй.
Түүхэнд хар толбо болон бичигдсэн тэртээх 1930-1940 онд тухайн үеийн ЗСБНХУ-д манай улсын 249 иргэн хэлмэгдэн амь насаа алдсан гашуун түүхтэй билээ. Энэхүү иргэдийнхээ нэр төрийг цагаатгах, сэргээх, хэрэг материалыг татан авах анхны алхамыг МУ-ын Ерөнхиийлөгч асан П.Очирбат ОХУ-ын Ерөнхийлөгчтэй харилцан ойлголцолд хүрснээр хоёр улсын Ерөнхийлөгчийн мэдэгдэл гарч, хэлмэгдсэн иргэдийнхээ нэр төрийг цагаатган сэргээх анхны том алхам хийгдсэн юм.
Энэхүү алхамын дараа хоёр улсын цагаатгалын комисс, прокурор, тагнуул, архивын байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийнхээ материалыг татан авч цагаатгуулсан билээ.
ЗСБНХОУ-д улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийнхээ гэгээн дурсгалд зориулж анх удаа буюу 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Коммунарка мужийн Бутово дахь дурсгалын тусгай обьектэд хэлмэгдсэн иргэдийнхээ гэгээн дурсгалд зориулан гэрэлт хөшөөг босгосон билээ. Харь орон хэлмэгдсэн Монголчуудын гэгээн дурсгалд зориулан босгосон энэхүү гэрэлт хөшөөний өндөр нь 2 метр, өргөн нь 50см бөгөөд өнгөт чулуугаар хийсэн байдаг.
Монголын төр хэлмэгдсэн иргэддээ зориулж гэрэлт хөшөө босгосны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд уг арга хэмжээнд УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа уригдан оролцож, улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор уршгийн асуудлаар байр сууриа илэрхийлж, хэлмэгдэгчдийн гэрэлт хөшөөнд ОХУ дахь Монголын Элчин сайдын яамны цэргийн атташе Р.Сүхбатын хамт цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.