Монгол сурагч, оюутнууд Өрнөд Европод суралцаж эхэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбоотойгоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх асуудлаар олон талт арга хэмжээний нэг болох Өрнөд Европод суралцсан анхны монгол оюутан сурагчдын нэг болох Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн номын сантай хамтран Түүх, соёлын өв, боловсролын үнэ цэнийг олон нийтэд таниулах зорилгоор “Алс газар сурахаар одогсод: 100” сэдэвт соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх нэг өдрийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.


Тус арга хэмжээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн номын сангаар үйлчлүүлэгч оюутан сурагчид болон Нийслэлийн Орос-Монголын хамтарсан 3-р сургууль, Нийслэлийн 31, 45-р сургуулиудын ахлах ангийн сурагчид багш нарын хамтаар түүх, нийгмийн багш, түүхийн ухааны магистр Б.Баярмаагийн зааснаар ‘‘Герман, Франц улсад суралцсан анхны монгол сурагчид: Түүх, хувь заяа /1926-1930/’’ сэдэвт лекцийг сонсож, Монголын хүүхэд залуусын гадаад улсад суралцаж байсан түүх, тэдний боловсрол, соёлын өвд оруулсан хувь нэмэр болон тухайн үеийн гунигт гашуун түүхийг эргэн сануулж түүхийн хуудсанаа бүдгэрч болохгүй үнэнийг таниулсан нэг өдөр боллоо.


