Мэндчилгээ

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс 1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улсад хүний эрхийг дээдлэх асуудлын хүрээнд байгуулагдсан билээ. Энэ нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх, нөхөх олговор олгох, дурсгалыг нь мөнхжүүлэх асуудлыг дагнан хариуцсан төрийн бие даасан байгууллага юм.

Та бүхэн манай хэвлэмэл болон цахим танилцуулгаас улсын комиссын бодлого үйл ажиллагаа, цагаатгал, нөхөх олговрын асуудалтай холбоотой хууль тогтоомжууд тэдгээрийн хэрэгжилтийн талаар болон цаг үеийн ажлын тодорхой ойлголт, мэдээлэл авах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.

Тус байгууллагын вэб сайт /tsauzbuk.mn/ -д хандаж цахим хуудсаар зочлон бидэнтэй нэгдэн, нээлттэй санал солилцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. 

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж

Цагаатгагдсан иргэдийн тоо

Нийт 31635 /2023 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар/

2017
0
2018
0
2019
0
2020
0
2021
0
2022
0
2023
0

Түгээмэл асуулт хариулт

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн дагуу хэлмэгдэгчдийн нөхөх олговорт олгогдохоор төсөвлөгдсөн нөхөх олговрын мөнгийг холбогдох хууль, журмын дагуу 2024 оны 01 дүгээр сараар зарцуулалт хийгдэж эхлээд байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт тусгагдсан хэлмэгдэгчийг цагаатгуулах, нэр төрийг сэргээлгэх гомдлыг хүлээн авах болон 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт тусгагдсан хэлмэгдэгчийн нөхөх олговрын нэхэмжлэл гаргах хугацаа уг хуульд заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд харин Цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш цагаатгагдсан хэлмэгдэгчдийн нөхөх олговрын бүрдүүлбэр материалыг хүлээж авах эрх зүйн орчин нээлттэй хэвээр байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль түүнд холбогдох журмын хүрээнд бүрдүүлбэр материалаа бүрдүүлж Улсын комиссын ажлын албанд бүртгүүлж өдөр тутмын сонингоор дамжуулж олон нийтэд мэдээлэгдсэн бол Улсын комиссоос зохион байгуулдаг бүртгэл, мэдээллийн үйл ажиллагаа дуусгавар болсон гэсэн үг. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэр, захирамж зэрэг эрх зүйн актын талаарх санал гомдлоо тухайн шийдвэр гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад хандаж гаргахыг зөвлөе. Харин хэлмэгдэгчийн нөхөх олговор олгуулах тухай шүүхийн шийдвэрээ гаргуулсан тохиолдолд харьяалах нутаг дэвсгэрийн нэгжийн Цагаатгалын салбар комиссоор дамжуулан бусад холбогдох баримтын хамт Улсын комиссын ажлын албанд ирүүлнэ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад тусгагдсан 1 сая болон 500,0 мянган төгрөгийн нөхөх олговрыг уг хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу цагаатгагдсан хэлмэгдэгч, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхэд, төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээд нь олгохоор, харин 2018 онд батлагдсан Цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэгдсэн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтад тусгагдсан 40-80 сая төгрөгийн нөхөх олговрыг зөвхөн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг өөрийн биеэр мэдэрч, бие махбодь, сэтгэл санааны хохиролд хамгийн ихээр өртсөн хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд олгохоор тус тус хуульчилсан юм.

Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн гэх иргэдээс 2022 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нийт 31595 иргэнийг цагаатгаад байна.

Хэлмэгдэгчийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай – 31, хөшөө – 79, суварга – 47, самбар – 29, дурсгалын багана – 27, музейн булан – 16 зэрэг нийт 229 объект байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтад тусгагдсан 40-80 сая төгрөгийн нөхөх олговрыг зөвхөн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг өөрийн биеэр мэдэрч, бие махбодь, сэтгэл санааны хохиролд хамгийн ихээр өртсөн хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд олгохоор хуульчилсан тул та энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд хамаарагдах боломжгүй байна.

Та өөрийн хамаарал бүхий цагаатгагдсан хүний овог, нэр болон тухайн үеийн иргэний харьяаллын нэршлээр tsauzbuk.mn вэб сайтын Үйл ажиллагаа-Цагаатгал-Цагаатгагдсан иргэдийн нэрс цэснээс хайж мэдээллийг авах боломжтой.