Асуулт: Юуны өмнө Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны 30 жилийн ойн мэнд хүргэе.
Хариулт: Гялайлаа.Би ч бас танай сониноор дамжуулаад Улсын комиссын гишүүд, ажлын албанд ажиллаж байсан болон одоо үүрэг хүлээн ажиллаж байгаа нийт ажилтнууд, аймаг нийслэлийн салбар комисс болон хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд болох Шүүх, Прокурор, Тагнуул, Архив зэрэг хамтран ажилладаг байгууллагын ажилтнууд, эрдэмтэн судлаачиддаа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны 30 жилийн ойн мэндийг Улсын комиссын даргын болон хувиасаа хүргэе.
Асуулт: Хоёулаа комисс байгуулагдсан түүхээс яриагаа эхлэх үү. Ер нь цагаатгалын комисс гэж байгууллага ямар түүхтэй, үүрэг чиглэлтэй байгууллага вэ?
Хариулт: Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн хэргийг хянан үзэх, цагаатгах ажил 1956-1962, 1989-1990, 1990 оноос өнөөдрийг хүртэл хэд хэдэн үе шаттай явагдаж ирсэн байдаг. Зарим судлаачид 1939 оны 4 дүгээр сараас хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах ажил эхэлсэн хэмээн бичиж, үечилж авч үздэг.
Өдгөөгийн Улсын комисс байгуулагдан ажиллахаас өмнө 1939 онд дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комисс, 1956 онд Дотоод явдлын яамны шийдвэрлэсэн улс төрийн зарим хэргийг хянан үзэх түр комисс, 1957-1962 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комисс, 1988-1990-ээд оны сүүл хүртэл МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Цагаатгалын комисс гэж тус тус байгуулагдан ажиллаж, тухайн цаг үедээ үүргээ гүйцэтгээд татан буугдсан байдаг.
1990 оны 12 дугаар сарын 25-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчийн Комисс байгуулах тухай 56 дугаар зарлигаар улс төрийн хэлмэгдэгсдийн асуудал Монгол төрийн үүрэг болж хариуцсан байгууллага болох Цагаатгалын улсын комисс байгуулагдан, цагаатгалын үйл ажиллагаатай холбогдох эрх зүйн зохицуулалт шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэнээс хойш эдүгээ 30 дахь жилтэйгээ золгож байна. 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд шинээр байгуулагдсан төр засгийн санал, санаачилга, хэлмэгдсэн олон мянган иргэд, тэдний ар гэрийнхний хүсэлт, шаардлагыг үндэслэн Монгол Улсад хүний эрхийг дээдлэх асуудлын хүрээнд байгуулагдсан нэгэн байгууллага бол Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс гэж ойлгож болох юм.Улсын комисс нь 1922-1990 оны хооронд язгуур угсаа, гарал үүсэл, үзэл бодол, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, нийгмийн байдлын улмаас улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэн, нам захиргааны байгууллагаас хилсээр арга хэмжээ авагдсан, хэлмэгдсэн иргэдийн асуудлыг судалж шалган шийдвэрлүүлэх, хянаж зохион байгуулах, хэлмэгдсэн иргэнд хууль тогтоомжийн дагуу нөхөх олговор, тэтгэмж олгуулах, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн сурталчлах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.
Асуулт: Улсын комисс байгуулагдсанаас хойш ямар үр дүнтэй ажиллав.
Юуны түрүүнд улсын комиссын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын талаар дурдах нь зүйтэй байх.Улсын комисс ерөнхийлөгчийн зарлигаар баталсан байгууллагын дүрэм болон УИХ, ЗГ-с баталсан бусад эрх зүйн актууд, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тайлагнан ажиллаж байна.
Комисс байгуулагдсанаас хойшхи хугацаанд маш олон ажлууд хийгдсэн.Үүнийг сонины багахан зайд багтаахад хэцүү юм.Тиймээс цөөн хэдэн гол ажлыг хэлэхийг хүсч байна.1939-1989 оны хооронд 2926, Улсын комисс байгуулагдсанаас хойшхи 30 жилийн хугацаанд 28423 нийт 31349 иргэний нэр төрийг нь сэргээн цагаатгасан байна. Мөн тэдэнд учирсан хохиролыг хуулийн хүрээнд нөхөн олгох, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, үр дагаварыг арилгах чиглэлээр улсаас 70 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байна. 1990 оноос эдүгээ хүртэл улсын комисс, түүний дэргэд ажиллаж байсан Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвөөс эрхлэн улс төрийн хэлмэгдүүлэлтийн учир шалтгаан, хор уршиг, үр дагаврыг тусгасан 70 орчим ном, товхимол, баримтат кино гаргаж, эрдэм шинжилгээний олон хурал зохион байгуулснаас гадна улс төрийн хэлмэгдэгсдийн намтрыг цуврал хэлбэрээр 18 боть болгон хэдэн мянган хувиар хэвлүүлж, Монгол орон даяар түгээсэн бөгөөд энэ ажил өнөөдөр ч үргэлжилж байна. Улсын хэмжээнд нийт хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай,хөшөө,суварга,самбар,дурсгалын багана музейн булан зэрэг нийт 226 объект байна.
Мөн 1996 онд Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг бий болгон, Хэлмэгдэгсдийн дурсгалын музей, дурсгалын хөшөө байгуулсныг Монголчууд бид бүгд мэднэ.Энэ бол цагаатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагууд, түмэн олны хамтын үйл ажиллагаа, хүчин чармайлтын үр дүн.
Асуулт: Та түрүүнд хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаварыг арилгах гэж хэллээ.Энэ талаар тодруулмаар байна.
Улсын комиссоос хэлмэгдэгсдийг цагаатгасан тухай олон нийтэд мэдээлэх, хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, хэлмэгдүүлэлтийн түүхэн гашуун сургамж, хор уршгийг иргэд олон нийт, хүүхэд залуучуудад тайлбарлан таниулах, соён гэгээрүүлэх ажлууд хийгддэг. Ер нь улс төрийн хэлмэгдүүлэлт түүнийг тойрсон үйл явц, учир шалтгааныг Монголчууд бид улам тодруулж өнөө цаг үед улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин давтан гарахаас урьдчилан сэргийлэх, үүрэгтэй билээ.Энэ хүрээнд хийгдэх ажил гэж ойлгож болно.
Түүнчлэн Цагаатгалын хууль тогтоомжийг санаачлах, нэмэлт өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох чиглэлээр ажилласан, шийдвэр гаргасан УИХ, ЗГ, Төрийн болон төрийн бус байгууллага, аймаг нийслэл дүүргийн салбар комиссын ажилтнууд болон түүхч, эрдэмтэн судлаачид тэдний ном бүтээл, судалгааны ажлууд нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн болон тэдний гэр бүлийнхний хууль ёсны эрхийг хүндэтгэн ажиллахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тодотгох нь зүйтэй. Мөн хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, архивын баримт материалууд, амьд гэрчүүдийн яриа, дурсамж зэргийг үндэслэн, судалгаа, шинжилгээний ажлыг хийх, энэ ажилд төр, захиргаа, хууль хяналт, олон нийт, аж ахуйн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийг татан оролцуулж, тэдэнтэй хамтран ажиллаж байна.
Асуулт: Өмнөх Улсын их хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Энэ хуулийн хэрэгжилт ямар байдалтай байна.
Хариулт: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2018 оны 01 сарын 12-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан.
Цагаатгалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гэж 2011 оноос хойш удаа дараа холбогдох эрх бүхий хүмүүс Засгийн газар, УИХ-д хүргүүлж байсан хэдий ч дэмжлэг авч батлуулж чадахгүй байсан төдийгүй цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг холбогдох байгууллагууд хүлээж авах асуудал ч мөн өдий олон жил хүлээгдэж байсан юм. Хэлмэгдэгчдийн ар гэрийнхэн, үр хүүхдүүдийнх нь ахуй амьдралд бодитой тус нэмэр болох зохицуулалтыг энэ хуулинд тусгасанаар тэдний нэлээд олон жилийн турш хүсч, харж хүлээж байсан хүсэлт шийдэгдэх боломж нээгдсэн.
Хууль хэрэгжиж эхэлснээр улсын комиссын ажлын албаны үйл ажиллагаа эрчимжиж иргэдэд үзүүлэх үйлчилгээ жигдэрч хуульд шинээр нэмэгдсэн 40 болон 80 сая төгрөгний нөхөх олговор олгох заалтын хүрээнд хэлмэгдэгчдийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд болох 1858 иргэн нөхөх олговор нэхэмжлэгчээр бүртгэгдсэн. Үүнээс 1842 иргэний нэрийг өдөр тутмын сониноор дамжуулан олон нийтэд мэдээлж, улмаар 1447 нэхэмжлэгчид нөхөх олговрын мөнгө олгох тухай иргэний хэргийн шүүхийн шийдвэр албан ёсоор гарч манай ажлын албанд ирүүлснээс өнөөдрийн байдлаар 979 иргэнд 58.893.000 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг олгоод байна. Өдгөө харьяалах шатны шүүхийн шийдвэр нь ирсэн нөхөх олговрын мөнгөө авахаар хүлээгдэж буй 468 нэхэмжлэгч, шүүхэд нэхэмжлэлээ гарган хянагдаж буй 400 гаруй нэхэмжлэгч байна.
Асуулт: Ирэх онд нөхөх олговорт хэдэн төгрөг тусгагдсан байгаа вэ
Хариулт: Бид сая дээр дурдсан нэхэмжлэгчийн тоог үндэслэн холбогдох саналыг ирэх оны улсын төсөвт тусгуулахаар хүргүүлснээс одоогоор 5 тэрбум төгрөг төсөвлөгдөн батлагдсан байгаа. Шүүхийн шийдвэрээр нөхөх олговрын мөнгийг олгох асуудал ирэх онд үргэлжлэн явагдана.
Асуулт : Цагаатгалын комисс цаашид ямар бодлого чиглэлтэй ажиллах бол
-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах тухай өргөдөл хүсэлтийг хүлээж авах, нөхөх олговорын нэхэмжлэл гаргах хугацаа үндсэндээ энэ оноор дуусгавар болохоор хууль батлагдсан. Гэхдээ ҮАБЗ-н зөвлөмжөөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэх иргэдийн хэрэг тэдгээрт холбогдох архивын баримт материал олдохгүй, зогсоосон хэргүүдийг хянан шийдвэрлэх ажиллагаа ТЕГ, МУЕП, Шүүхийн байгууллагад холбогдох хуулийн хүрээндээ хийгдэнэ.
Харин хэлмэгдүүлэлтийн үр дагаварын талаар, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, улс төрийн хэлмэгдүүлэлтийн шалтгаан, нөхцөл, хор уршгийг судлах, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэд, төр, нийгмийн зүтгэлтнүүдийн талаар судалгаа шинжилгээний ажил хийх улмаар улс төрийн хэлмэгдүүлэлтээс сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг өнөө болон хойч үеийнхэнд хүргэх талаар цаашид илүүтэй анхаарч ажиллах шаардлагатай байна гэж үзэж байгаа.
2018 онд хэлэлцэж баталсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад гишүүдийн зүгээс улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг өнөө үеийнхэнд тайлбарлан таниулах, хэлмэгдүүлэлтийг давтан гаргуулахгүй байх, соён гэгээрүүлэх ажилд илүү анхаарч олон нийтэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийх, энэ чиглэлд хөрөнгө зардлаа төлөвлөн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах талаар тодорхой санал хэлж байсан. Үүний дагуу бас тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллахаар бодож төлөвлөж байна.
Өдрийн сонин 2020.12.25 Б.Нямаа