Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэснээс хойш өдгөө 27 дахь жилдээ Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байна.
Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,460 иргэнийг цагаатгаад байна.
Цагаатгалын хууль батлагдсан 1998 оноос хойших хугацаанд хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад тусгагдсан 500,0 мянга болон 1 сая төгрөгийн нөхөх олговрын хүрээнд 16 тэрбум 589 сая төгрөгийн нөхөх олговрыг 18,360 иргэнд, харин 2018 онд батлагдсан Цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэгдсэн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалт буюу хэлмэгдүүлэлтийн хор уршгийг өөрийн биеэр мэдэрч, бие махбод, сэтгэл санааны хохиролд хамгийн ихээр өртсөн хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 болон 80 сая төгрөгийн нөхөх олговор олгох ажлын хүрээнд 78 тэрбум 900 сая төгрөгийн нөхөх олговрыг 1394 иргэнд тус тус олгосон бөгөөд нийт 19,754 иргэнд 95 тэрбум 489 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод байна.
Улсын комиссын даргын 2022 оны 09 дүгээр захирамжийн дагуу батлагдсан “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлийн ажлын хүрээнд “Хамаг Монголчууд бүү мартагтун” баримтат нэвтрүүлэг, “Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон” номын 18 дугаар боть, урлаг соёл болон эрдэмтэн судлаачид, хэлмэгдсэн иргэдийн үр хүүхэд, ач зээ нарын хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үр дагавар, сургамжийн талаар дурьдсан богино хэмжээний шторк 50, контент 25 постер 30-ыг тус тус бэлтгэн хэлмэгдүүлэлтийг ахин давтахгүй байх зорилгын хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтийн хүртээл болгоод байна.
Түүнчлэн Улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөрөөр ахлуулсан ажлын хэсэг дээрх захирамжийн биелэлтийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн салбар комисст ажиллаж буй бөгөөд аймаг бүрт бий болж буй “Хэлмэгдэгсдийн дурсгалын ногоон төгөл” бүхий хүндэтгэлийн цогцолборт газрын ажлын явцтай танилцаж, арга зүйн нэгдсэн зөвлөгөө, мэдээллээр хангаж байна.
Мөн орон нутгийг судлах музейд хэлмэгдэгчдийн дурсгалын танхим, буланг бий болгон эд өлгийн зүйлсээр баяжуулж, тухайн орон нутгаас хэлмэгдсэн иргэдийн нэр бүхий самбарыг байршуулан иргэдэд түгээн таниулах ажлыг хамтран зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
2001 онд ОХУ-ын Коммунарка тосгоны Бутово дахь тусгай обьектэд босгосон “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-ний хувилбарыг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн салбар комисс, НИТХ-ын ажлын албатай хамтран УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяагийн санаачилгаар бүтээхээр ажиллаж байна.
Энэ удаагийн дурсгалыг хүндэтгэх өдрийн нэг онцлог нь Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Монгол Улсад анх удаа 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийдүүд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ буяны ном хурах арга хэмжээг зохион байгуулж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Улсын хэмжээнд зохион байгуулсан олон талт ажил, арга хэмжээг нийгэмд түгээн таниулах, ач холбогдол зүйг нь нэмэгдүүлэх, хэлмэгдүүлэлтийг ахин давтахгүй байх, соён гэгээрүүлэх цогц арга хэмжээг авахаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс ажиллаж байна.
Бидний ажлыг дэмжин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг сурталчлах, хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд хийгдсэн бүтээлүүдийг өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн дэлгэрүүлж буй телевиз, радио, сайт, сонин, ТББ болон үүрэн холбооны оператор ЖиМобайл /G Mobile/, Скайтел /Skytel/ компанийн хамт олон та бүхэнд талархал илэрхийлье.