Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дэргэд Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төв 1991-2014 оны хугацаанд ажиллаж байсан бөгөөд энэ байгууллага маань Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүхэн үнэнийг тогтоох, учир шалтгаан, хор уршиг, үр дагаврыг нягтлан судлах, арилгах арга замыг тодорхойлох, улс төрийн хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж дурсгалыг нь мөнхжүүлэх, Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтахгүй байх нийгмийн үзэл сэтгэлгээний баттай суурь бүрдүүлэх зорилгоор шинжлэх ухааны ул суурьтай судалгаа хийж, олон арван бүтээл нийтийн хүртээл болгосон. Тэдгээрийн томоохон бүтээлээс тэмдэглэвэл 20 шахам ботиор нийтлэгдээд байгаа “Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон” хэмээх цуврал ном юм.
“Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон” цувралын XVIII боть болох “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхлэл, өрнөл” бүтээл Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Д.Намсрай, Б.Моонон нарын үр хүүхдүүд болон “Соёмбо принтинг” ХХК-ийн хамтран нийтэд хүргэх боломж бүрдэж, дээжийг нь зохиогч, редакторт гардуулах ёслол өнөөдөр /2022.09.09/ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст боллоо.
Уг ботийн зохиогчоор түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяр, судлаач А.Эрдэнэсайхан, судлаач П.Хүрэлбаатар нар, редактороор түүхийн ухааны доктор, профессор З.Лонжид ажилласан юм.
Улс төрийн хэлмэгдүүлэлт гэж юу вэ? Хүний эрх зөрчсөн ийм эмгэнэлт явдал Монголд хэзээ эхлэв? 1921 оны хувьсгалын Анхны долоог тэргүүлэгч, Ардын Засгийн газрын анхны ерөнхий сайд Д.Бодоо нарын хувьсгалчдыг хэлмэгдүүлсний учир нь юу вэ? Монголын зүүн, баруун, төв гурван бүсийн түмэн олны шүтээн болж байсан Егүзэр хутагт, Дилав хутагт, Манзушир хутагт нарыг яагаад хэлмэгдүүлэв? “Аж үйлдвэрийн комбинатын хэрэг” гэгчийг хэрхэн зохиосон бэ? зэргийг шинжилсэн энэхүү шинэ сэргэг судалгаатай Улсын комиссын ажлын алба, Үндэсний номын сан, Улаанбаатар хотын номын сан болон их сургуулиудын номын санд танилцаж болно.