Мэдээ, мэдээлэл

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР БОЛЛОО.

Монгол улсын түүхэнд хар мөрөө үлдээсэн хамгийн эмгэнэлт үйл явдал бол ардын хувьсгалт төр засаг анхлан байгуулагдсаны дараах үеэс эхлэж, 1937 – 1939 онуудад илүү өргөн хүрээг хамарч өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт байсан юм.

Уг хэлмэгдүүлэлтэд Монголын олон мянган иргэд, түүний дотор чадварлаг сэхээтнүүд,төр засгийн байгууллагын болон цэргийн албан тушаалтан, эрдэм мэдлэгтэй лам хуврагууд илүү ихээр өртсөн байна.

Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нь нийгмийн бүхий л давхарга, олон түмнийг нийтээр нь хамарч эхэлсэн 1937 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг “Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байх тухай Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэхүү өдрийг 24 дэх жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна.

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд 36000 мянга орчим иргэн өртсөнөөс одоогийн байдлаар 31263 иргэний нэр төрийг сэргээж, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн болохыг тогтоож цагаатгаад байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд  2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-аас нэмэлт өөрчлөлт оруулснаар цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг хүлээж авах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгаж, Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/ эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80,0 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40,0 сая төгрөг тус тус олгохоор тусгасан. Одоогийн байдлаар энэ заалтын хүрээнд 794 хүнийг өдөр тутмын сонинд зарлаж, нөхөх олговорт 3,2 тэрбум төгрөгийг олгоод байна.

Мөн 1990 оноос хойшхи хугацаанд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор улсын хэмжээнд  суварга 105, Хөшөө 56, нэрэмжит газар, гудамж, талбай, байгууллага 66, гэрэлт самбар 28, дурсгалын багана 31-ийг тус тус бүтээн байгуулаад байна.

 

УЛСЫН КОМИССЫН АЖЛЫН АЛБА