Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирсэн.
Үүний дагуу Дархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос 24 дэх жилдээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхдэд төрөөс хүндэтгэл үзүүлэх ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү өдрийг тохиолдуулан тус аймгийн Урчуудын эвлэлийн зураач, барималч Д.Батмөнх, их эмч Ц.Баясгалан, инженер В.Даваажав нарын зэрэг хүмүүс санаачлан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, хүндэтгэлийн хөшөөг босголоо.
Хүндэтгэлийн хөшөөг Дархан сумын ЗДТГ-ын урд Залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд босгосон нь дахин улс төрийн хэлмэгдэлтийг гаргуулахгүй байх, залуу хойч үед түүхийн эмгэнэлт үйл явдлын хор уршгийг таниулан ойлгуулах ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.