Мэдээ, мэдээлэл

“ЕГҮЗЭР ХУТАГТ: ТҮҮХЭН ЗҮТГЭЛТЭН БА УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 30 жил, Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн, сайд Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашийн мэндэлсний 150 жилийн ой, хэлмэгдсэний 90 дэх жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй “ЕГҮЗЭР ХУТАГТ: ТҮҮХЭН ЗҮТГЭЛТЭН БА УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Хангарьд ордонд боллоо.

Тус эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комисс, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн, Егүзэр хутагт нээлттэй нийгэмлэг, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монголын бурхан шашинтны төв, гандантэгчэнлин хийд, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газар, Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийд зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Егүзэр хутагт нээлттэй нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Жавхлан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Р.Дагва, Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Мөнхбат нар оролцож үг хэлж, Егүзэр хутагт нээлттэй нийгэмлэгийн тэргүүн, V Егүзэр хутагт Данзанлувсанванжил цахимаар мэндчилгээ дэвшүүллээ.

Уг хурлаар ХХ зууны Монголын түүхэнд учирсан улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний учир шалтгаан, хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж, нэр төрийн сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх асуудал хэрхэн өрнөсөн, түүнд дүн шинжилгээ хийсэн байдал, Хэлмэгдүүлэлтэд өртсөн лам нарын асуудал, түүний дотор Зүүн хязгаарын сайд, Егүзэр хутагт Ж.Галсандашийг хэлмэгдүүлсэн тухай, Егүзэр хутагтын намтар, улс төр, шашны үйл ажиллагаа, Егүзэр хутагтын Өвөр Монгол, Буриад шавь нарын тухай, Егүзэр хутагт Ж.Галсандаш болон шударга баатар Бавуужав нарын харилцааны талаар зэрэг түүх, шашны өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд хуралд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорнодахины хүрээлэнгийн профессор, нэрт монголч эрдэмтэн, Сергей Львович Кузьмин “IV Егүзэр хутагт Ж.Галсандашийн талаарх Оросын архивт хадгалагдаж буй баримт, материалуудын тухай”, ХБНГУ-ын нэрт монголч эрдэмтэн, профессор Удо Баркманн “Егүзэр хутагт Галсандаш, Эрэгдэндагва нарыг шүүсэн шүүхийн ажиллагаанд хийсэн задлан шинжилгээ ба Улс төрийн үндэслэл”, Япон Улсын  Шизүока их сургуулийн профессор Акира Оно “Чойбалсан ба Өвөр Монгол: Чойбалсан Өвөр Монголын улс төрийн элч нарт юу хэлэв” сэдвээр онлайн илтгэлүүдийг мөн Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор (sc.d) О.Батсайхан “Хэлмэгдэл ба Цагаатгал: дүн шинжилгээ хийхүй”, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны дэд тэргүүн Ж.Баасандаш “Егүзэр хутагтыг хөнөөснөөр лам нарын хядлага эхэлсэн нь” сэдвээр тус тус үндсэн илтгэл тавьж хэлэлцүүллээ.

 

Үндсэн 3 илтгэлийн дараа 15 сэдвийн хүрээнд 16 илтгэгч илтгэлээ хэлэлцүүлсэн бөгөөд нийт 19 эрдэмтэн, судлаач илтгэл тавьж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс болон Нийслэлийн салбар комисс, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний төв архив, Сүхбаатар аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Бурхан шашинтны төв, Шинжлэх ухааны академи, МУИС, МУБИС, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Егүзэр хутагт нээлттэй нийгэмлэг болон бусад салбарын 80 гаруй эрдэмтэн, судлаач, ажилтан, албан хаагчдад оролцсон байна.

Дашрамд дурдахад Егүзэр хутагт Жамсранжавын Галсандаш нь Сэцэн хан аймгийн Хурц вангийн хошуу /одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум/ -ны нутагт төрсөн. Халхын тамгатай хутагтуудын нэг бөгөөд 1872 онд Егүзэр хутагтын хувилгаанаар тодорч, 1902 онд хутагт хамба цол, шавь захирах тамга хүртсэн байна. Тэрээр 1911 оны Монголын үндэсний хувьсгалыг талархан угтсан бөгөөд Богд хааны зарлигаар 1913 оноос Монголын зүүн өмнө хязгаарын Сайдаар томилогдож Өвөр Монголын олон хошуудыг Монгол Улсад дагаар оруулах хэргийг явуулж, хил хязгаарыг Хятадаас сахин сэргийлэн сууж байжээ. Түүнийг 1930 оны зун баривчлан хорьсон бөгөөд Эрэгдэндагвын хэрэгт холбогдуулан хилс хэрэг тулган мөн оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн БНМАУ-ын Ерөнхий шүүх таслах газрын өргөтгөсөн хурлаар Шүүх цаазны бичгийн 25, 31, 42 дугаар зүйлүүдийг баримтлан хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн. БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1990 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Егүзэр хутагтад тулгасан хилс хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын дунд сургуулийг Егүзэр хутагт Ж.Галсандашийн нэрэмжит болгосон байна.

 

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ

 

УЛСЫН КОМИСС