Үйл ажиллагааны чиглэл

Нөхөх олговор олгох

ТОДРУУЛГА: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан нөхөх олговрыг нөхөх олговор гаргуулах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор бэлэн мөнгөөр нэг удаа олгоно” гэж заасны дагуу тухайн жилийн Монгол Улсын төсвийн тухай хуульд хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын зардалд төсөвлөгдсөн мөнгөн дүнгээр хэлмэгдэгчийн нэхэмжлэгч иргэдэд олгох нөхөх олговор хязгаарлагдана.

Хэлмэгдэгчийн нөхөх олговрын нэхэмжлэгч нь дараах бүрдүүлбэр материалыг хангаж харьяалах нутаг дэвсгэрийн нэгжийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс /аймаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба/-оор дамжуулан Улсын комиссын ажлын албанд ирүүлнэ. Үүнд:

1. НЭХЭМЖЛЭГЧИЙН ХАРЬЯАЛАХ НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИССЫН АЛБАН БИЧИГ
/Иргэний харьяаллын дагуу тухайн Аймаг, дүүргийн ИТХ-ын ажлын албанд хандана/

2. ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИССЫН САНХҮҮГИЙН НЭХЭМЖЛЭЛ
/Иргэний харьяаллын дагуу тухайн Аймаг, дүүргийн ИТХ-ын ажлын албанд хандана/

3. НЭХЭМЖЛЭГЧИЙН ХАРЬЯАЛАХ НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН НӨХӨХ ОЛГОВОР ОЛГУУЛАХ ТУХАЙ ШИЙДВЭР
/Харьяалах нутаг дэвсгэрийн нэгжийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс/

4. НЭХЭМЖЛЭГЧ ИРГЭНИЙ НӨХӨХ ОЛГОВРЫГ ОЛГОХЫГ ХҮССЭН ӨРГӨДӨЛ
/”Цагаатгалын талаарх хууль, эрх зүйн актын эмхтгэл”-ийн 98 дахь хуудсан дахь загварын дагуу/

Нөхөх олговрыг олгоход ямар нэгэн татвар, хураамж авахгүй бөгөөд тэргүүн ээлжинд 60 буюу түүнээс дээш настай болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүмүүст олгохоор, мөн 2 ба түүнээс дээш нөхөх олговрын нэхэмжлэгч бүртгэгдсэн тохиолдолд хэлцлийн дагуу олгохоор тус тус Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд тусгаж өгсөн байдаг.

Харин нөхөх олговрын хэмжээг тодорхойлох, түүнийг олгохтой холбогдсон гомдлыг аймаг, нийслэл, дүүргийн санхүүгийн хэлтсийн даргад, санхүүгийн хэлтсийн даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл Сангийн яаманд, Сангийн яамны шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын дээд шүүхэд тус тус гаргана гэж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан байдаг.

Жич: Хэлмэгдэгчийн нөхөх олговрын талаар тодруулахыг хүсвэл Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын ажлын алба /Засгийн газрын 11-р байр, 602 тоот/ -нд хандах болон 51-261725, 51-266298 тоот холбогдох утсаар лавлана уу.