Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр Захиргаа, дүн шинжилгээний албаны дарга Л.Очирсүрэн, ахлах референт Н.Мэндбаяр, ажилтан Д.Зоригт нарын бүрэлдэхүүн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс болон холбогдох байгууллагын удирдлагатай уулзах, заавар зөвлөгөө өгөх, ажил эрчимжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад ажиллалаа.
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ДОРНОД АЙМАГ НЬ УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХАМГИЙН ОЛОН ХЭЛМЭГДЭГЧИДТЭЙ АЙМАГ ЮМ.
Улсын комиссын ажлын албаны бүрэлдэхүүн Дорнод аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга М.Энхтөр, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Б.Энхээ болон холбогдох албаны албан хаагчидтай албан уулзалт хийж, мэдээлэл өгөн, төлөвлөгөөт соён гэгээрүүлэх ажлын явц цаашид иргэдэд хэлмэгдлийн хор уршгийг хэрхэн ойлгуулан таниулах, хуулийн зорилгыг сурталчлан таниулахад ямар ажил хийх нь оновчтой болох талаар санал бодлоо солилцон тодорхой хэмжээний шийдлийг гаргалаа.
Түүнчлэн уулзалтын дараа Улсын комиссын ажлын хэсэг Дорнод аймгийн музейтэй танилцан, цагаатгалын хуульд заасан асуудлаар хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөдтэй уулзалт хийлээ.
Дорнод аймаг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн аж байдлын судалгаагаар 3652 иргэн, үүнээс 1712 лам, төр нийгмийн зүтгэлтэн 456, цэрэг 139, энгийн 1315 иргэнийг ял оногдуулснаас 2150 иргэнг цаазлан хороожээ.
Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдснаас хойшхи хугацаанд хэлмэгдүүлэлтийн хор уршигийг өөрийн биеэр мэдэрч, бие махбодь, сэтгэл санааны хохиролд хамгийн ихээр өртсөн хэлмэгдэгч, түүний эхнэр / нөхөр/ төрсөн болон үрчилж авсан хүүхдэд нөхөх олговор олгох ажлын хүрээнд Дорнод аймгаас 109 иргэн хамрагдсан байна.
СҮХБААТАР АЙМАГ НЬ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛД ЗОРИУЛАН ИРГЭДИЙГ АЯ ТУХТАЙ АМРАХ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН ДУРСАН САНАХ ОРЧИНГ ”НОГООН ТӨГӨЛ”-ӨӨР БҮРДҮҮЛНЭ
Ажлын албаны бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Д.Хосбаяр, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга А.Чулуунбат, холбогдох албаны албан хаагчид болон иргэд олон нийттэй уулзан мэдээлэл өгч төлөвлөгөөт соён гэгээрүүлэх ажлын явц, цаашид иргэдэд хэлмэгдлийн хор уршгийг хэрхэн ойлгуулан таниулах, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зорилгыг сурталчлан таниулахад ямар ажил хийх нь оновчтой болох талаар санал солилцлоо.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн “Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан ногоон төгөл” байгуулах газартай танилцаж, иргэдийг ая тухтай байлгах, хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэн дурсан санах орчинг бүрдүүлэх тал дээр зөвлөгөө өглөө.
Мөн аймгийн музейд хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх, хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор булан байгуулахаар музейн удирдлагуудтай уулзав.
ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ШУУРГАНД ИХЭЭР ӨРТСӨН ХЭНТИЙ АЙМГИЙН ГУРВАН СУМ “НОГООН ТӨГӨЛ”-ТЭЙ БОЛНО
Ажлын албаны бүрэлдэхүүн Хэнтий аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга З.Энхболд болон холбогдох албаны албан хаагчдад мэдээлэл өгч, Хэнтий аймгийн төвд байх хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх хөшөөний тохижилттой танилцлаа.
Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд Хэнтий аймагт 3456 иргэнд ял оногдуулснаас 2401 иргэн цаазлан хороосон, 828 иргэнд хорих ял оногдуулсан судалгаа байдаг нь тус аймаг хэлмэгдүүлэлтэд их өртсөн аймгуудын нэг гэдгийг харуулж байна. Тэдгээр иргэдийн болон улс төрийн хэлмэгдүүлэлтийн шуурганд өртсөн иргэдийн дурсгалыг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, хэлмэгдүүлэлтийн түүхэн гашуун сургамж, хор уршгийг иргэд, олон нийт, хүүхэд залуучуудад тайлбарлан таниулах, соён гэгээрүүлэх үүргийнхээ дагуу хэлмэгдүүлэлт хамгийн их өртсөн Дадал, Батширээт, Биндэр сумдад хэлмэгдүүлэлтийн дурсгалын хөшөөг түшиглэн “Ногоон төгөл” шинээр байгуулах болов.
Түүнчлэн тухайн аймгийн харьяалал бүхий хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн төлөөлөл бүхий 20 гаруй иргэдийг хүлээн авч уулзаж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд тусгагдсан цагаатгал, нөхөх олговор, дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр цаг үеийн мэдээлэл хүргэлээ.