Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах, хяналт тавих, хэлмэгдүүлэлт ба цагаатгалын асуудлаар танилцуулга, мэдээлэл хийх, цагаатгал, нөхөх олговрын асуудлаар зөвлөгөө өгөх, хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын явцтай танилцах, уг ажлыг орон нутгийн төвшинд хамтран зохион байгуулах зорилгоор Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Архангай аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, холбогдох байгууллагын албан хаагчидтай уулзах, заавар зөвлөгөө өгөх, ажлын хэсгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр, Захиргаа, дүн шинжилгээний албаны дарга Л.Очирсүрэн, ажлын албаны ахлах референт Н.Мэндбаяр, ажилтан Д.Зоригт нарын бүрэлдэхүүн 2022 оны 06 дугаар сарын 23-наас 30-ны өдрүүдэд холбогдох газруудад ажиллалаа.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН САЛБАР КОМИСС ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ НОГООН ТӨГӨЛ БҮХИЙ ЦОГЦОЛБОРТ ГЭРЭЛТ САМБАР БАЙРШУУЛСАН БАЙНА.
Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга бөгөөд салбар комиссын дарга О.Пүрэвдорж, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, Цагаатгалын асуудал хариуцсан ажилтан н.Ганцэцэг болон холбогдох албаны хүмүүстэй албан уулзалт, мэдээлэл хийж, хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөдтэй уулзаж, нөхөх олговор болон дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр харилцан санал бодлоо хуваалцан, зөвлөгөө өгч ажиллалаа.
Өвөрхангай аймаг хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөний дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалын хөшөө, ногоон төгөлдөө гэрэлт салбар шинээр санаачлан байгуулсан байна.
Өвөрхангай аймгийн салбар комиссын хамт олон хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад хэлмэгдүүлэлтийн хор уршгийн талаар танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх хичээл заахаас гадна хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл бүхий цогцолборт мэдээллийн самбар болон мэдээлэл судалгааны цэг байршуулан ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.
БАЯНХОНГОР АЙМГИЙН САЛБАР КОМИСС ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ УСАН ОРГИЛУУР БҮХИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА.
Баянхонгор аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Т.Норов, Хууль зүйн хэлтсийн дарга н.Байгаль болон холбогдох албаны албан хаагчидтай албан уулзалт, мэдээлэл хийж, хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах чиглэлээр санал солилцлоо.
Баянхонгор аймаг хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөний дагуу хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөг түшиглэн усан оргилуур, ногоон төгөл бүхий дурсгалын цогцолбор бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэ талаар харилцан санал солилцож, зөвлөгөө мэдээллээр хангалаа.
ЗАВХАН АЙМГИЙН САЛБАР КОМИСС ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ЦОГЦОЛБОРЫГ ШИНЭЭР БАЙГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА.
Завхан аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга С.Болдбаатар, цагаатгалын ажил хариуцсан мэргэжилтэн Г.Амарсайхан болон холбогдох албаны албан хаагчидтай уулзалт, мэдээлэл хийж хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөний хүрээнд хийгдэж буй ажлын явц болон тухайн орон нутгийг музейд байрлах хэлмэгдүүлэлтэд өртсөн хутагтуудын танхим, хэлмэгдүүлэлтийн үед устан үгүй болсон Монголын томоохон хүрээ, хийдийн нэг болох Яруугийн хүрээний туурьтай танилцлаа.
Завхан аймгийн хувьд хэлмэгдэгчдийн дурсгалд зориулсан ногоон төгөл бүхий цогцолборыг Улиастай хотод байгуулагдсан гэрэлт гудамжийн хажууд бий болгохоор төлөвлөж байгаа бөгөөд уг цогцолборт хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх хөшөөг шинээр санаачлан байгуулах юм.
АРХАНГАЙ АЙМГИЙН САЛБАР КОМИСС ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛ ХҮНДЭТГЭЛИЙН ХӨШӨӨ, НОГООН ТӨГӨЛ БҮХИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БИЙ БОЛГОХООР АЖИЛЛАЖ БАЙНА.
Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, цагаатгалын ажил хариуцсан мэргэжилтэн Н.Төгссайхан, салбар комиссын гишүүд болон аймгийн ИТХ, ЗДТГ-ын албан хаагчидтай уулзаж танилцуулга, мэдээлэл хийж хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөний хүрээнд хийгдэж буй ажлын явцтай танилцлаа.
Архангай аймгийн хувьд хэлмэгдэгчдийн дурсгал хүндэтгэлийн хөшөөг шинээр бүтээх зураг төслийн уралдааныг зарлаад байгаа бөгөөд уг хөшөө байрлах газарт хүндэтгэлийн ногоон төгөл бүхий цогцолбор байгуулагдах юм. Түүнчлэн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан хэлмэгдүүлэлтийн сэдвээр эссэ бичлэгийн уралдааныг зарласан байна.