Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах, хяналт тавих, хэлмэгдүүлэлт ба цагаатгалын асуудлаар танилцуулга, мэдээлэл хийх, цагаатгал, нөхөх олговрын асуудлаар зөвлөгөө өгөх, хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын явцтай танилцах, уг ажлыг орон нутгийн төвшинд хамтран зохион байгуулах зорилгоор Орхон, Булган, Хөвсгөл, Увс аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, холбогдох байгууллагын албан хаагчидтай уулзах, заавар зөвлөгөө өгөх, ажлын хэсгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр, ажлын албаны ахлах референт Н.Мэндбаяр, ажилтан Д.Зоригт нарын бүрэлдэхүүн 2022 оны 09 дүгээр сарын 14-нөөс 19-ний өдрүүдэд холбогдох газруудад ажиллалаа.
ОРХОН АЙМГИЙН САЛБАР КОМИСС ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОРЫГ ЭРДЭНЭТ ХОТЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД БИЙ БОЛГОНО
Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Цагаатгал хариуцсан мэргэжилтэн Ч.Нарангарав, салбар комиссын гишүүд болон ИТХ-ын ажлын алба, аймгийн шүүх, прокурор, тагнуул, архив, музей зэрэг албан байгууллагын албан хаагчидтай ажил хэргийн уулзалт, мэдээлэл хийж, цагаатгалын асуудлаар хандсан иргэдтэй уулзаж холбогдох хуулийн зөвлөгөөг хүргэлээ.
Орхон аймгийн салбар комисс энэ оны 5 дугаар сард Эрдэнэт хотын цэцэрлэгт хүрээлэн, Сархиа уулын ар бэлд бий болгосон хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөлийн орчинд хэлмэгдэгчдийн дурсгал, хүндэтгэлийн хөшөө босгоно.
БУЛГАН АЙМГИЙН САЛБАР КОМИСС ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОРЫГ ТӨГСӨГЧДИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД БИЙ БОЛГОНО
Булган аймгийн ИТХ-ын дарга бөгөөд салбар комиссын дарга Д.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Б.Батжаргал, салбар комиссын гишүүд болон ИТХ-ын ажлын алба, аймгийн шүүх, прокурор, архив, музей зэрэг албан байгууллагын албан хаагчидтай ажил хэргийн уулзалт, мэдээлэл хийлээ.
Булган аймгийн салбар комисс Төгсөгчдийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөг түшиглэн “Хэлмэгдэгсдийн дурсгалын цогцолбор”-т орчинг бий болгохоор ажиллаж байна.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН САЛБАР КОМИСС ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОРЫГ 2023 ОНЫ 5 САРД БҮТЭЭН БАЙГУУЛЖ ДУУСНА
Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга бөгөөд салбар комиссын дарга Г.Мөнгөнхуяг, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Р.Машбат, салбар комиссын гишүүд болон ИТХ-ын ажлын алба, аймгийн шүүх, прокурор, тагнуул, музей зэрэг албан байгууллагын албан хаагчидтай ажил хэргийн уулзалт, мэдээлэл хийж, цагаатгалын асуудлаар хандсан иргэдтэй уулзаж холбогдох хуулийн зөвлөгөөг хүргэлээ.
Хөвсгөл аймгийн салбар комисс Мөрөн хотын төв цэцэрлэгт хүрээлэнд 2023 оны 5 дугаар сард Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөлийн цогцолборт орчинг бүрдүүлж дуусгана.
УВС АЙМГИЙН САЛБАР КОМИСС ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫН НОГООН ТӨГӨЛИЙГ ТҮШИГЛЭН ЦОГЦОЛБОРТ ОРЧИН БАЙГУУЛНА
Увс аймгийн ИТХ-ын дарга бөгөөд салбар комиссын дарга Ц.Батболд, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Ч.Энхбаяр, салбар комиссын гишүүд болон ИТХ-ын ажлын алба, аймгийн шүүх, прокурор, тагнуул, архив, музей, Цагаанхайрхан сумын ИТХ, ЗДТГ зэрэг албан байгууллагын албан хаагчидтай ажил хэргийн уулзалт, мэдээлэл хийж, цагаатгалын асуудлаар хандсан иргэдтэй уулзаж холбогдох хуулийн зөвлөгөөг хүргэлээ.
Увс аймгийн салбар комисс Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөлийг түшиглэн дурсгалын багана бүхий цогцолборт орчинг бүрдүүлнэ.
Албан томилолтоор ажилласан Орхон, Булган, Хөвсгөл, Увс аймгийн салбар комисс Улсын комиссын даргын 2022 оны 09 дүгээр захирамжаар батлагдсан “Хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл бүхий цогцолборыг бий болгохоор санал, санаачилга гарган ажиллаж байгаа бөгөөд уг цогцолборт хэлмэгдэгчдийн дурсгал, хүндэтгэлийн хөшөө, багана болон орон нутгийн төвшинд санаачилсан бусад байгууламжийг байгуулахаас гадна нэгдсэн нэг загвараар “…Хамаг Монголчууд бүү мартагтун” шүлгийн 4 мөртийг байрлуулах юм.