Монгол улс 1990 оны ардчилсан хувьсгалын дараагаар “Төрийн эсрэг гэмт хэрэг” гэгчид хилсээр шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн асуудлыг хууль, шийдвэрийн дагуу дахин судлан шалгаж цагаатгах, тэдний нэр төрийг сэргээх нь төрийн нэгэн чухал үүрэг болж тавигдсан юм.
Иргэн хүний яс үндэс, угсаа гарвал, хэргэм зэрэг, хөрөнгө чинээ, нас хүйс, шашин шүтлэг зэргийг үл харгалзан улс төрийн хилс хэрэгт холбогдсон бүхий л хэргийг нарийвчлан шалгаж нягтлах, хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдний нэр төрийг нь сэргээх ёстой гэдэг зүй ёсны шударга шаардлага нийгмийн зүгээс хурцаар тавигдах болсны үндсэн дээр тус Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар байгуулагдсан ба 1991 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаагаа эрхлэн явуулж эхэлснээс хойш эдүгээ 28 жил өнгөрч байна. БНМАУ-ын Ерөнхийлөгчийн зарлигт зааснаар Улсын комисс нь 1930-1940 он, 1950 оны эхэн үе, мөн 1960 онд тухайн үеийн эрх барьж байсан нам, төрийн байгууллагын шийдвэрээр хэлмэгдүүлэлтэнд өртөж улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн, ажил албан тушаалаасаа халагдаж хууль хяналтын тодорхой байгууллагуудын хараа хяналтын доор газар нутаг заагдан цөлөгдөх зэргээр эрхээ хязгаарлуулан хэлмэгдсэн иргэдийн асуудлыг нягтлан шалгаж цагаатгуулах ажлыг эрхлэн зохион байгуулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан болно.
Монгол Улсын Их Хурлаас 1998 онд батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулинд “1922 оноос эхлэн БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагуудын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна” гэж хуулийн үйлчлэлийн хүрээг илүү тодотгон тогтоож өгсөн байдаг.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах нэр төрийг нь сэргээх талаар төрөөс явуулж ирсэн үйл ажиллагааны зорилго, хэрэгжилтийн үр дүнгийн товчоон:
- 1939-1955 он – Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн хэргийг шалгаж судлах ажлыг Дотоод Явдлын Яамны дэргэдэх Тусгай Комисс эрхлэн гүйцэтгэж байв. Энэ хугацаанд ял эдэлж байсан нийт 1200 гаруй хүнийг шоронгоос сулласан байдаг.
- 1956-1962 он – Дотоод явдлын яамны шийдвэрлэсэн улс төрийн зарим хэргийг хянан үзэх түр комисс, 1957-1962 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд байгуулагдсан Цагаатгах ажлыг эрхлэх комисс цагаатгалын асуудлыг эрхлэн явуулж байжээ. Энэ хугацаанд нийт 500 гаруй иргэнийг улс төрийн хилс хэргээс цагаатгасан байна.
- 1962-1990 он – Улсын Дээд Шүүх улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн 1600 орчим иргэнийг албан ёсоор цагаатгаж байжээ.
- 1988-1990-ээд он – Тэр үеийн төрийн эрх барьж байсан МАХН-ын Төв Хорооны дэргэд Цагаатгалын комисс байгуулагдан ажиллаж байсан байдаг.
- 1990 оноос хойш – Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс байгуулагдсанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн асуудлыг төрийн зүгээс тусгайлан судалж, хянан шийдвэрлэх ажил зарчмын шинэ шатанд гарсан гэж үзэж болно.
Түүхэн баримт, мэдээллийн эх сурвалжаас үзэхэд үе үеийн Цагаатгалын комиссууд тухайн цаг үедээ үүргээ гүйцэтгээд татан буугдсан байдаг бол 1990 онд БНМАУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулагдсан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс хуулийн хүрээнд харьцангуй бие даасан, хараат бус зарчмаар өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” Монгол улсын хууль 1998 онд батлагдан гарсанаар хуулийн хэрэгжилтийг хангуулах үүргийг Улсын комисс хүлээж улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн бүх иргэдийн хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хилс хэрэгт холбогдогсдыг цагаатгуулж, нэр төрийг нь сэргээлгэх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдсэн иргэдийн талаар архивын баримт материалууд, амьд гэрчүүдийн яриа, дурсамж зэргийг үндэслэн, эрдэмтэд, судлаачдын оролцоотойгоор тусгайлсан судалгаа шинжилгээний ажил явуулж түүхийн гашуун бөгөөд бодит үнэн, хэлмэгдлийн хор уршиг үр дагаврыг олон нийтэд таниулах, түгээн сурталчлах, сэрэмжлүүлэх зэрэгт гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.
Улсын комиссын үндсэн гол ажлыг хуулийн үйлчлэлийн хүрээгээр авч үзэхэд бүрэн бус мэдээгээр 1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт 36 мянга орчим хүн хэлмэгдсэн гэгддэг бөгөөд 1939 оноос өнөөг хүртэл нийтдээ 2017 оны байдлаар 31220 хүн цагаатгагдсаны 28256 нь Улсын комисс байгуулагдсанаас хойшхи хугацаанд цагаатгагджээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойшхи хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүлийнхэн болох 2017 оны байдлаар 18197 иргэнд 19 тэрбум 820 сая төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ болох 154 иргэнд орон сууц, 211 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгоод байна.
Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгох тухайд Монгол улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоол, 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” хэмээн баталсан бөгөөд улс даяар тэмдэглэн хүндэтгэл үзүүлэх болсон.
Монгол улсын Засгийн газрын 1993 оны 10 дугаар сарын 6-ны 155 дугаар тогтоол гарч Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдэл гаргахаас сэрэмжлүүлэх зорилгоор “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө”-г нийслэл хотод барьж байгуулсан. Улсын хэмжээнд нийт 50 гаруй гэрэлт хөшөө, 114 суварга, 37 музей, музейн тусгай булан, 30 гаруй нэрэмжит гудамж талбай, сургууль, 26 гэрэлт самбар /түүний нэг нь ОХУ-д байдаг/, 24 дурсгалын багана барьж байгуулсан байна.
Цагаатгагдсан нийт иргэдийн товч мэдээлэл бүхий “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгал Цагаан ном” гэсэн 4 боть нийт 717 хэвлэлийн хуудас бүхий цуврал бүтээлийг Улсын комиссын зүгээс хэвлэн гаргаж нийтийн хүртээл болгосны дээр цахим хэлбэрээр нийтэд нээлттэй ашиглуулах нөхцлийг бүрдүүлсэн. Төр нийгмийн зүтгэлтэн нэр нөлөө бүхий зарим хүмүүсийн намтарчилсан 18 цуврал ном, 100 шахам төрөлжсөн судалгааны ном товхимол, баримтат кино, тайз дэлгэцийн жүжиг хэд хэдийг бүтээж сурталчилгаа, ухуулан таниулах ажлын хэрэглэгдэхүүн болгосон байна.
Улсын комисс Монгол Улсын Үндсэн хууль /1992 онд батлагдсан Ардчилсан шинэ Үндсэн хууль гэж тодотгодог/, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хуулиуд, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигууд, УИХ болон Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрүүд, Улсын Дээд Шүүхийн тогтоолууд, бусад хууль эрх зүйн акт, Улсын комиссын дүрэм зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж мөрдөгдөж буй хууль, дүрэм журмын дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажлаа тайлагнадаг журамтай.