МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс /цаашид Улсын комисс гэх/ нь язгуур угсаа, гарал үүсэл, үзэл бодол, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, нийгмийн байдлын улмаас улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэн, нам, захиргааны байгууллагаас арга хэмжээ авагдсан, хэлмэгдсэн иргэдийн асуудлыг судалж шалгах, хянаж зохион байгуулах үүрэг бүхий цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах төрийн орон тооны бус байгууллага мөн.
2.Улсын комиссын зорилт нь төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, нам, төрийн бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй хандсан гэх шалтгаанаар хилсээр шийтгүүлсэн, нам, захиргааны байгууллагаас хилсээр арга хэмжээ авагдсан иргэдийн хэргийг шалгаж, шийдвэрлүүлэх, хэлмэгдсэн иргэнд хууль тогтоомжийн дагуу тэтгэмж, тусламж, нөхөх олговор олгуулах, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн сурталчлахад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг татан оролцуулах ажлыг зохион байгуулахад оршино.
3.Улсын комисс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлана болгоно.
4.Улсын комисс төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс улс төрийн цагаатгалын асуудлаар тавьж буй санал, хүсэлтийг судлан шийдвэрлэж байна.
5.Улсын комисс Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана.
6.Улсын комисс нь тогтоосон журмаар хийсэн тамга, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
7.Улсын комисс нь үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд тайлагнана.
8.Улсын комиссын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч батална. Улсын комисс нь дарга, нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Санхүү, эдийн засгийн сайд, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч, Тагнуулын ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын цагаатгалын тасгийн дарга, комиссын дэргэдэх улс төрийн хэлмэгдэгсдийн судалгааны төвийн захирал бөгөөд ажлын албаны дарга гэсэн албан тушаалтнуудаас бүрдэнэ..
9.Улсын комиссын харьяанд аймаг, нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, судалгааны төв, ажлын алба тус тус ажиллана. Ажлын албаны үүргийг Судалгааны төвд давхар хариуцуулан гүйцэтгүүлж болно.
Хоёр.Улсын комиссын үүрэг, эрх
10.Улсын комисс нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:
а/“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хяналт тавьж, зохион байгуулж ажиллана.
б/төрийн эсрэг гэмт хэрэгт шийтгүүлсэн болон нам, төрийн удирдлагын бодллого, шийдвэрийг шүүмжилж эсэргүүцсэн, энэ тухай санал бодлоо илэрхийлсний улмаас нам, захиргааны байгууллагаас хилсээр арга хэмжээ авагдаж, шийтгүүлсэн иргэдийн асуудлыг шалгаж, шийдвэрлэхэд Тагнуулын ерөний газар, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх зэрэг газруудтай ажил төрлийн нягт уялдаатайгаар хамтарч ажиллана.
в/Хэлмэгдсэн иргэдийн алдар цол, одон медаль, цэргийн дээд цолыг сэргээх асуудлыг өөрсдийн нь болон өв залгамжлагчдын санал, хүсэлтийг үндэслэ холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлнэ.
г/ Хэлмэгдэгсдэд нөхөх олговор олгохтой холбоотой санал, хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж байгаа эсэхэд хяналт тавина.
д/ Орон нутгийн төр, захиргааны байгууллагууд хэлмэгдсэн иргэдийг орон байраар хэрхэн хангаж байгаад хяналт тавина.
е/Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх талаар иргэд, байгууллагаас гаргасан санал, санаачлагыг судалж, шийдвэр гаргуулахаар эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
ё/ Аймаг, нийслэлийн салбар комиссууд хэлмэгдэгсдийн асуудлаар иргэдээс гаргасан санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаад хяналт тавьж, чиглэл удирдамж өгнө.
ж/ Байгууллага, иргэдээс Улсын комисст гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч барагдуулах ажлыг зохион байгуулна.
з/ Улс төрийн цагаатгалын ажлын явц, үр дүнгийн талаар нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулна.
Улсын комиссын дэргэд хэвлэл, мэдээллийн орон тооны бус төлөлөгч ажиллуулж, түүнд урамшуулал олгоно..
11.Улсын комисс нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/Цагаатгагдсан иргэд, тэдний өв залгамжлагчдад нөхөх олговор, мөн хэлмэгдэгчдэд орон сууц олгуулах, тэдгээрт шаардагдах хөрөнгийн хэмжээг холбогдох байгууллагаар тодорхойлуулж, улсын төсөвт жил бүр тусгуулна.
б/Улсын комисс, аймаг, нийслэлийн салбар комисс, улс төрийн хэлмэгдэгсдийн судалгааны төв, комиссын ажлын албаны төсөв, зардлыг улсын төсөвт жил бүр тусгуулна.
в/Улс төрийн хэлмэгдүүлэлтийн шалтгаан, нөхцлийг тодорхойлох, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээхэд шаардлагатай архивын баримт бичиг, тодорхойлолт, мэдээ судалгаа бусад материалыг Монгол Улсын бүх архив, төр засаг, нам, олон нийтийн байгууллага, албан тушаалтнаас гаргуулж авна.
г/Гадаад улсын хуулиар Монголын иргэдийг улс төрийн хэрэгт шийтгэсэн тухай баримт материал, мэдээг тухайн улсад нь санал тавьж авах, ЗХУ /хуучин нэрээр/-ын нутаг дэвсгэрт улс төрийн шалтгаанаар шийтгүүлж, амь насаа алдсан, цөлөгдсөн, нутаг заагдсан, сураггүй болсон, Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн болон тусгай албадад дайчлагдан баривчлагдсан монгол иргэдийн тухай баримт материалыг Оросын Холбооны Улсаас шилжүүлэн авах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Гадаадын улсуудад хэлмэгдсэн монголын иргэдийг цагаатгуулах, нөхөх олговрын асуудлаар санал тавьж шийдвэрлүүлнэ.
д/Улс төрийн хэлмэгдүүлэлтийн шалтгаан, нөхцөл, хор уршгийг судлан тогтоох, төр, нийгмийн зүтгэлтнүүдийн улс төрийн үйл ажиллагааны түүх, намтрыг бичиж, нийтлэх, судалгаа шинжилгээ хийж, зөвлөмж боловсруулах үүрэг, зорилт бүхий судалгааны төвийг ажиллуулна.
е/Улсын комиссын ажилтнууд болон Судалгааны төвийн захирал, ажлын албаны даргыг ажилд томилох ба ажлаас чөлөөлнө.
ё/Цагаатгалын асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтны сонсгол, мэдээллийг хэлэлцэж, чиглэл, удирдамж, заалт өгч, биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулна.
ж/Хүний эрх, эрх чөлөө, нэр төртэй холбоотойгоор гарч байгаа хууль эрхийн баримт бичгүүдийн төсөлтэй танилцаж, санал өгнө.
з/Улс төрийн хилс хэрэгт шийтгүүлээд цагаатгагдсан иргэдэд үнэмлэх олгоно.
Гурав.Улсын комиссын хуралдааны ерөнхий дэг
12.Хуралдааныг Улсын комиссын дарга даргална.
13.Комиссын даргын эзгүйд хуралдааныг Улсын комиссын нарийн бичгийн дарга даргална.
14.Улсын комиссын хуралдаанд хэлэлцэх асуудлын талаар хоёр сарын өмнө холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, сонсгол, мэдээллийг бэлтгүүлнэ. Сонсгол, мэдээллийг /Улсын комиссын жилийн ажлын тайлан орохгүй /3-4 хуудсанд багтааж, хуралдаан товлосон хугацаанаас 15 хоногийн өмнө Улсын комисст ирүүлсэн байна.
15.Комиссын хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, сонсгол, мэдээлэл, хуралдаанаас гаргах шийдвэрийн төсөл зэргийг хуралдаан хийхээ 7 хоногийн өмнө Улсын комиссын гишүүдэд тараана.
16.Хуралдаанд комиссын гишүүд таслах эрхтэй оролцоно.
17.Хуралдаанд хэлэлцсэн асуудлаар шаардлагатай бол тогтоол гаргана.
Дөрөв Улсын комиссын дарга, гишүүдийн эрх хэмжээ
18.Улсын комиссын дарга нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн зургадугаар зүйлийн 1-ийн 4-т заасан төрийн улс төрийн албан тушаалтан байх бөгөөд комиссын өдөр тутмын ажлыг удирдаж, захирамж гаргана.
19.Улсын комиссын нарийн бичгийн дарга нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн долоодугаар зүйлийн гурвын 1-ийн 4-т заасны дагуу төрийн захиргааны албан хаагчийн тэргүүн түшмэлийн эрх хэмжээтэй байх бөгөөд комиссын өдөр тутмын ажлыг зохион байгуулна.
20.Улсын комиссын гишүүд нь хамтын шийдвэр гаргахад санал дүгнэлтээ илэрхийлэх, Улсын комиссын хуралдаанд бие дааж асуудал, санал оруулах эрхтэйгээр ажиллана. Улсын комиссын гишүүдэд жилд хоёроос доошгүй удаа тэдний үндсэн ажлын цалингийн 40,0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал комиссоос олгож болно.
21.Аймаг, нийслэлийн салбар комиссын дарга нь төрийн нутгийн захиргааны албан тушаалтан байх бөгөөд тухайн орон нутгийн хэмжээнд цагаатгалын ажлыг зохион байгуулж, ажлаа Улсын комиссын өмнө хариуцна.
Салбар комиссын дарга, нарийн бичгийн дарга нарыг ажлын үр дүнгээр нь Улсын комиссоос урамшуулж болно.