Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалын үр нөлөөгөөр 1990 оноос эхлэн “Төрийн эсрэг гэмт хэрэг” гэгчид хилсээр шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн асуудлыг хууль, тогтоомжийн дагуу дахин судлан шалгаж цагаатгах, тэдний нэр төрийг сэргээх нь төрийн нэгэн чухал үүрэг болж тавигдсан юм.
Иргэн хүний яс үндэс, угсаа гарвал, хэргэм зэрэг, хөрөнгө чинээ, нас хүйс, шашин шүтлэг зэргийг үл харгалзан улс төрийн хилс хэрэгт холбогдсон бүхий л хэргийг нарийвчлан шалгаж нягтлах, хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдний нэр төрийг нь сэргээх ёстой гэдэг зүй ёсны шударга шаардлага нийгмийн зүгээс хурцаар тавигдах болсны үндсэн дээр тус Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар байгуулагдаж 1991 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаагаа эрхлэн явуулж эхэлснээс хойш эдүгээ 30 гаруй жил өнгөрч байна. БНМАУ-ын Ерөнхийлөгчийн зарлигт зааснаар Улсын комисс нь 1930-1940 он, 1950 оны эхэн үе, мөн 1960 онд тухайн үеийн эрх барьж байсан нам, төрийн байгууллагын шийдвэрээр хэлмэгдүүлэлтэд өртөж улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн, ажил албан тушаалаасаа халагдаж хууль хяналтын тодорхой байгууллагуудын хараа хяналтын доор газар нутаг заагдан цөлөгдөх зэргээр эрхээ хязгаарлуулан хэлмэгдсэн иргэдийн асуудлыг нягтлан шалгаж цагаатгуулах ажлыг эрхлэн зохион байгуулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан юм.
Монгол Улсын Их Хурлаас 1998 онд баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд “1922 оноос эхлэн БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагуудын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна” гэж үйлчлэлийн хүрээг илүү тодотгон тогтоож өгсөн байдаг.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах нэр төрийг нь сэргээх талаар төрөөс явуулж ирсэн үйл ажиллагааны зорилго, хэрэгжилтийн үр дүнгийн товчоон:
• 1939-1949 он – Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн хэргийг шалгаж судлах ажлыг Дотоод Явдлын Яамны дэргэдэх Тусгай Комисс эрхлэн гүйцэтгэж байв. Энэ хугацаанд ял эдэлж байсан нийт 1256 иргэнийг шоронгоос сулласан байдаг.
• 1956-1962 он – Дотоод явдлын яамны шийдвэрлэсэн улс төрийн зарим хэргийг хянан үзэх түр комисс мөн 1957-1962 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд байгуулагдсан Цагаатгах ажлыг эрхлэх комисс цагаатгалын асуудлыг эрхлэн явуулж байжээ. Энэ хугацаанд нийт 532 иргэнийг улс төрийн хилс хэргээс цагаатгасан байна.
• 1962-1990 он – Улсын Дээд Шүүх улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн 2250 иргэнийг албан ёсоор цагаатгаж байжээ.
• 1988-1990-ээд он – Тухайн үеийн төрийн эрх барьж байсан МАХН-ын Төв Хорооны дэргэд Цагаатгалын комисс байгуулагдан ажиллаж байсан байдаг.
• 1990 оноос хойш – Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс байгуулагдсанаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн асуудлыг төрийн зүгээс тусгайлан судалж, хянан шийдвэрлэх ажил зарчмын шинэ шатанд гарсан гэж үзэж болно.
Түүхэн баримт, мэдээллийн эх сурвалжаас үзэхэд үе үеийн Цагаатгалын комиссууд тухайн цаг үедээ үүргээ гүйцэтгээд татан буугдсан байдаг бол 1990 онд БНМАУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулагдсан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс хуулийн хүрээнд харьцангуй бие даасан, хараат бус зарчмаар өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хууль 1998 онд батлагдсанаар хуулийн хэрэгжилтийг хангуулах үүргийг Улсын комисс хүлээж улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн бүх иргэдийн хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хилс хэрэгт холбогдогсдыг цагаатгуулж, нэр төрийг нь сэргээлгэх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдсэн иргэдийн талаар архивын баримт материалууд, амьд гэрчүүдийн яриа, дурсамж зэргийг үндэслэн, эрдэмтэд, судлаачдын оролцоотойгоор тусгайлсан судалгаа шинжилгээний ажил явуулж түүхийн гашуун бөгөөд бодит үнэн, хэлмэгдлийн хор уршиг үр дагаврыг олон нийтэд таниулах, түгээн сурталчлах, сэрэмжлүүлэх зэрэгт гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн бөгөөд түүнчлэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь хэсэгт “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” хэмээн тусгаж өгсөн байдаг.
Улсын комиссын үндсэн гол ажлыг хуулийн үйлчлэлийн хүрээгээр авч үзэхэд 1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт холбогдон хэлмэгдсэн байх магадлалтай иргэдээс 1939 оноос өнөөг хүртэл нийтдээ 31460 хэлмэгдэгч /2021.12.31-ний өдрийн байдлаар/ цагаатгагдсаны 27323 хэлмэгдэгчийг Улсын комисс байгуулагдсанаас хойшхи хугацаанд цагаатгагджээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль батлагдсан 1998 оноос хойшхи хугацаанд хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад тусгагдсан 500,0 мянга болон 1 сая төгрөгийн нөхөх олговрын хүрээнд 16 тэрбум 589 сая төгрөгийн нөхөх олговрыг 18,360 иргэн /2022.08.25-ны өдрийн байдлаар/-д, харин 2018 онд батлагдсан Цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэгдсэн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалт буюу хэлмэгдүүлэлтийн хор уршгийг өөрийн биеэр мэдэрч, бие махбодь, сэтгэл санааны хохиролд хамгийн ихээр өртсөн хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 болон 80 сая төгрөгийн нөхөх олговор олгох ажлын хүрээнд 78 тэрбум 900 сая төгрөгийн нөхөх олговрыг 1394 иргэн /2022.08.25-ны өдрийн байдлаар/-д тус тус олгосон бөгөөд давхардсан тоогоор нийт 19,754 иргэнд 95 тэрбум 489 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ болох 154 иргэнд орон сууц, 211 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгосон байна.
Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 155 дугаар тогтоол гарч Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдэл ахин гаргахаас сэрэмжлүүлэх зорилгоор “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө”-г нийслэл хотод бүтээн байгуулсан. Улсын хэмжээнд дээрх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай – 31, хөшөө – 79, суварга – 47, самбар – 29 /Оросын Холбооны Улсад 1/, дурсгалын багана – 27, музейн булан – 16 зэрэг нийт 229 объект байна.
Цагаатгагдсан нийт иргэдийн товч мэдээлэл бүхий “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгал Цагаан ном” гэсэн 4 боть нийт 717 хэвлэлийн хуудас бүхий цуврал бүтээлийг Улсын комиссын зүгээс цаасан болон цахим хэлбэрээр олон нийтийн хүртээл болгон нийтэд нээлттэй ашиглуулах нөхцлийг бүрдүүлсэн. Төр нийгмийн зүтгэлтэн нэр нөлөө бүхий зарим хүмүүсийн намтарчилсан 18 цуврал ном, 100 шахам төрөлжсөн судалгааны ном товхимол, баримтат кино, тайз дэлгэцийн жүжиг зэргийг бүтээж сурталчилгаа, ухуулан таниулах ажлын хэрэглэгдэхүүн болгосон байна.
Улсын комисс Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хуулиуд, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигууд, Улсын Их Хурал болон Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрүүд, Улсын Дээд Шүүхийн тогтоолууд, холбогдох бусад хууль эрх зүйн акт, Улсын комиссын дүрэм зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж мөрдөгдөж буй хууль, дүрэм журмын дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажлаа тайлагнадаг.